
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Чимэддоржийн Мөнхжанцан Афганистан улсад үүрэг гүйцэтгэхээр явснаас хойш зургаан сар гаруй хугацаа өнгөрөөд буй. Дэлхийн халуун цэгт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулах зорилготой "Аавын эзгүйд" реалити сурвалжилгаа "Өнөөдөр" сонин өнгөрсөн хугацаанд уншигчдадаа хүргэж ирсэн билээ. Ч.Мөнхжанцан дэд хурандаа хэзээ мөдгүй гэртээ ирэх дөхсөн энэ цаг доор түүний гэр бүлд нэгэн баярт үйл явдал тохиож, өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар том охин М.Анхцэцэг нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.
Азийн хошой аварга, оюутны болон залуучуудын дэлхийн аварга, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэг Монголын хүндийг өргөлтийн спортод олон түүхэн амжилт гаргаж буй шилдэг туйванч. Бэртлийн дараах эмчилгээ болон гам барих урт хугацааны ард гарч, зургадугаар сараас бэлтгэлдээ орсон түүний хувьд энэ жил амар байгаагүй. Гүн түлэгдлийн дараах мэс засалд орохоор дүү М.Номин-Эрдэнэ нь ээжтэйгээ БНСУ-ыг зорьж, тэр хойгуур хоёр бага дүүгээ харж, халамжлах үүрэг хүлээсэн тэрбээр хүнд цаг мөчийг сэтгэлийн хатаар даван туулж, Азийн хошой аварга болсны зэрэгцээ Танхимын болон тулааны спортын "Ашгабат-2017" наадмаас мөн алтан медаль хүртсэн.
"Аавыгаа алс холоос ирэхэд төрийн хүндтэй одон авчихаад угтана гэж бодохоор сэтгэл их сайхан байна. Төдийгөөс өдий хүртэл намайг дэмжиж, үргэлж түшиг тулгуур минь болж байсан Ц.Хосбаяр багшдаа, Монголын хүндийг өргөлтийн холбоо, "Алдар" спорт хороо, БТСГ, МҮОХ болон "Моngolian properties", "Үнэн анд", "Монгол жонш", "Есүүдийн батууд" ХХК, "Мөнгөн гүүр" эмнэлгийнхэнд, хайртай гэр бүлийнхэндээ маш их баярлалаа" хэмээн М.Анхцэцэг сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр тун удахгүй АНУ-д болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоно. Дэлхийн аварга болж, Лос-Анжелесын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхийг ерөөе.