
“Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2013 онд болсон 68 дугаар чуулганаар 163 тоот тогтоол баталж, жил бүр энэ өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Мөн гишүүн орнууддаа хандаж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эсрэг үйлдсэн сэжиг бүхий бүх хэлбэрийн хүчирхийллийг шүүх эрх мэдлийн хүрээнд үнэн шударга, түргэн шуурхай, үр дүнтэй мөрдөн шалгах, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг шүүхээр хамгаалуулах эрхээр хангах асуудалд хариуцлагатай хандахыг шаардсан. Түүнчлэн сэтгүүлчдэд халдсан хэргийг хянан шинжилж, мэдээлэх, эдгээр төрлийн халдлагыг мөрдөн шалгаж, шийтгэл ногдуулахад шаардлагатай нөөц бололцоог зориулах замаар сэтгүүлчдэд ажил үүргээ бие даан, хөндлөнгийн оролцоогүйгээр гүйцэтгэхэд нь аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийг уриалсан билээ.
ЮНЕСКО-гоос 2013-2015 онд Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд цогц үнэлгээ хийж, Монгол Улсын Засгийн газар, УИХ, шийдвэр гаргагчдад хандан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг илүү баталгаажуулахад эрх зүйн шинэтгэл хийх, ялангуяа сэтгүүлчдэд мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх зүйн хамгаалалт бий болгох зөвлөмж өгсөн билээ. Мөн хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хөхиүлэн дэмжсэн бодлого батлан баримтлах, энэ салбарт ил тод байдлыг хангасан механизм бий болгох, сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ, чанарыг сайжруулах, мэргэжлийн сургалт, судалгааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон байв.