
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарч, олон улсын хүндэт профессор болсон билээ. Тэрбээр өчигдөр эх орондоо ирлээ. Тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж “1913 онд Мэс засалчдын Америкийн коллеж байгуулагдсан бөгөөд өдгөө олон улсын 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэсэн. Уг байгууллагаас дэлхийн шилдэг таван мэс засалчийг шалгаруулдаг уламжлалтай. Тус байгууллагын гишүүн 127 орны мэс засалчаас манай О.Сэргэлэн эмч олон улсын хүндэт профессороор өргөмжлөгдөж, дэлхийн шилдэг мэс засалч боллоо. Энэ нь салбартаа Нобелийн шагнал юм” гэв.
О.Сэргэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танд баяр хүргэе. Шагналын тавцанд гарахад юу бодогдож байв?
-Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлсэн гэхэд танхим дүүрэн хүн бүгд алга нижигнүүлэн, талархан хүлээн авсан. Сайн баг, удирдлага, хамт олон, багш, шавь нарын минь гавьяа гэж бодож зогслоо. Энэ шагнал бол Монголын мэс засалчдыг үнэлсэн үйл явдал. Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох Мэс засалчдын Америкийн коллежид гишүүн 127 орон бүртгэлтэй байдгаас 70 гаруй улсын эрдэмтэн нэр дэвшсэн юм билээ. Тэднээс Англи, Ирланд, Франц, Япон, Монгол гэсэн таван орны эрдэмтэн дэлхийн шилдэг мэс засалч болсон. Хамгийн гайхалтай нь, монгол эмч нарт эрхтэн шилжүүлэн суулгах арга барилыг зааж сургасан БНСУ-ын “Асан” төвийн Ли профессорын багш, дэлхийд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эцэг гэгддэг Японы Маттосато Макүчитай зэрэгцэн уг шагналыг авсандаа үнэхээр бахархаж байлаа.
-Дэлхийн шилдэг мэс засалч болохоор олон улсад эмчилгээ хийх эрх нээгдэх үү?
-Энэ шагналыг авсан хүн олон улсад эмчилгээ хийх эрхтэй болдог юм байна. Манай АШУҮИС-ийн дипломыг одоохондоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөггүй. Харин олон улсын хүндэт профессор болсноор дэлхийн аль ч улсад мэс засал хийх боломжтой гэсэн үг. Би энэ шагналыг хүртсэн Азийн 11 дэх хүн болсон. Монголдоо багш нартайгаа хамтран хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг нэвтрүүлж, яаралтай мэс засал, яаралтай мэдээгүйжүүлэлт төсөл хэрэгжүүлсэн. 2007 онд элэг шилжүүлэн суулгах төсөл хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 26 гахайд туршилтын мэс засал хийж байлаа. БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвд суралцаад, 2011 оноос эх орондоо элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг солонгос эмч нартай хамтран багаараа амжилттай хийснээс хойш 40 орчим хүнд амьдрал бэлэглээд байна.