
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажлын талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хурандаа Н.Ганбадрал өнөөдөр мэдээллээ.
Тэрээр хэлэхдээ "11 дүгээр сарын 2-нд алга болсон н.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлахад ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид, эрэн сурвалжлах алба, эрүүгийн цагдаагийн албаны холбогдох хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн холбогдох 510 орчим хүн охиныг эрж хайн ажиллаж байна.
Тухайн охиныг алга болсон гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага аваад эхний өдөр 250 орчим албан хаагч үүрийн 04:30 цаг хүртэл ажиллаж дараагийн өдөр нь хүн хүчээ нэмэгдүүлсэн. Ажлын хэсэг яг газар дээр нь байгаа ч одоогоор илэрсэн үр дүнтэй мэдээ байхгүй. Улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Замын-Үүдэд суугаа Консулын газарт Монголын талаас уг хэргийн талаар холбогдох албан тоотыг хүргүүлснээр Хятадын холбогдох байгууллагууд энэ хэрэгт хамтарч ажиллаж байгаа. Энэ оны байдлаар сураггүй болсон 70 орчим хүүхдийн 24 нь олдсон" гэв.