
УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг батлав. Ингэснээр хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд он дуустал бүрэн олгоход шаардлагатай 104.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа. Найм, ес, аравдугаар сарын халамжийн мөнгийг арилжааны банкууд дахь хүүхдүүдийн нэрийн дансаар нь дамжуулан олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр мэдээлэв. Харин арваннэг болон арванхоёрдугаар сарын 20 000 төгрөгийг тухайн сарынх нь 20-ноос хойш олгоно гэлээ.
Өнгөрсөн долдугаар сард өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхдүүдэд мөнгийг нь ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсний дагуу 400 орчим мянган хүүхэд тус бүр 140 мянган төгрөг авч байсан юм. Энэ удаа тус сан дахь мэдээллийг үндэслэн хүүхдэд олгох юм. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг санд оруулах шаардлагатай аж. Харин шинэ төрсөн хүүхдийн мөнгийг авахдаа дурын банкинд өргөдөл гарган авах боломжтой гэнэ.