
ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа өрөөндөө “Мөнх тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Амарбаясгаланг “Чамайг заналхийлсэн ч яадаг юм бэ” хэмээн загнаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй. Харь оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд хүн албан өрөөндөө нутаг нэгтнээ, тэр дундаа монголчуудынхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын тэргүүнийг юуны учир ийн хэлэх болов гэдгийг хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Тэд чухам юунаас болж ийнхүү ам зөрж, төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэмгүй, амнаас гарамгүй үгээр иргэнээ загнах болов гэдгийг бид тодруулсан юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭН НЬ Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ ГЭНЭ
ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой мэдээлэл, хүсэлтийг Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдад хүргүүлжээ. Түүнд “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын гишүүн байгууллага болох ОХУ дахь “Мөнх тэнгэр” монгол ахан дүүсийн холбооны хүсэлтэд өгсөн, ОХУ дахь Элчин сайдын яамны зөвлөх Ч.Баттөмөрийн гарын үсэг, Элчин сайдын тамга бүхий 2017 оны аравдугаар сарын 17-ны 17/234 тоот албан бичгийг гишүүн байгууллагынхаа эрхийг хамгаалах үүднээс танилцлаа. Энэ бичиг нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмыг дараах үндэслэлээр зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.
Үүнд, нэгдүгээрт, аль нэг иргэний буруутай асуудлыг бусад иргэн, байгууллагад хамаатуулж болохгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Аль нэг иргэнтэй холбоотой асуудлыг бүхэл бүтэн байгууллагатай холбож, үүгээрээ тухайн байгууллагын гишүүдийг ялгаварлан гадуурхаж, манай зөвлөлийн гишүүн байгууллагын эрхийг хязгаарласан шинжтэй байна.
Хоёрдугаарт, ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн иргэдийн асуудалд хандаж байгаа байдал хэрээс хэтэрлээ. Австри улсад болох гэж буй Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа, өмнөх жилийн аварга эрэгтэйчүүдийн, мөнгөн медальт эмэгтэйчүүдийн “Мөнх тэнгэр” багийг оролцуулахгүй байх арга саам хайж, ЭСЯ-наас шигшээ баг бүрдүүлж байгаа нэрийдлээр монгол залуусаа эвдрэлцүүлэн хагалж, бутарган Элчин сайд хүнд байхааргүй ёс зүйгүй байдал гаргасан. Энэ нь иргэдээ ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна.
Элчин сайд Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих, эрх, эрх чөлөөг нь хангах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул ажил албан тушаалаа цаашид хаших боломжгүй гэж үзэж байна. Мөн бидний хүсэлтэд холбогдох хариуг хуулийн хугацаанд ирүүлнэ гэж найдаж байна.
Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ” хэмээжээ.
Сар гаруйн өмнө ийнхүү хүргүүлсэн гомдол, мэдээлэлд хариу өгөх хуулийн хугацаа дуусах дөхөж буй ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэн нь ч ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй байгаа аж. Харин ГХЯ-ны нэгэн хэлтсээс “Бичгээр ирүүлсэн гомдолд утсаар хариу өгдөг болсон. Та нарын ирүүлсэн гомдол, мэдээллийг нягталж үзээд хувь хүний шинжтэй маргаан учраас бид оролцохгүй” гэсэн утгатай зүйл ярьжээ.
МОНГОЛЫН ЭСЯ ХОЁР БАЙРАА ТҮРЭЭСЭЛЖ МӨНГӨ ОЛОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ
ОХУ бол Европыг зорьж буй монголчуудын дамжин өнгөрдөг гол газрын нэг. Ингэж явахдаа манайхан бичиг баримтаа гээгээд хаашаа ч хөдөлж чадахаа болих, тус улсын хорих газраас суллагдсан хүмүүс нутаг буцталаа очих газаргүй байдаг. Тийм хүмүүсийг түр байлгадаг байр тус улсад суугаа манай ЭСЯ-ны ажилтан, албан хаагчдын амьдардаг Беляево дахь ЭСЯ-ны III буюу 105 дугаар байрны 17 дугаар давхарт байрладаг юм байна. Үүнийг нь Элчин сайд Б.Дэлгэрмаа дээрх төрийн бус байгууллагаас авч, улмаар зочид буудлын зориулалтаар ашиглуулахын тулд “Мөнх тэнгэр” ТББ-ын гэрэл цахилгааныг таслах зэрэг арга хэмжээ авсан аж. Мөн тэр байранд байдаг биеийн тамирын заал, танхимыг ч хэн нэгэнд түрээсэлчихээд буй гэнэ.
Тус улсад суралцдаг оюутнууд “Асуудлын мөрөөр” нэвтрүүлгийн сурвалжлах багийн ханд “Оюутнууд бид өмнө нь спортын бэлтгэл, сургуулилалтаа өөрсдийн зааланд буюу манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын амьдардаг 105 дугаар байрны спорт зааланд хийгээд болоод байдаг байсан. Одоо хамтран бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээн уралдаанд орохын тулд степендээсээ мөнгө нийлүүлж, нэг хүний 500 рублиэр түрээсэлж авдаг болсон. Сураг сонсоход Европын орнуудад болдог тэмцээн уралдаанд орохын тулд бэлтгэл сургуулилалт хийдэг байсан тэр заалыг бусдад зарсан, эсвэл түрээсэлсэн гэсэн мэдээлэл бий” гэж ярьсан байв.
Харин ОХУ дахь эх сурвалж “ЭСЯ-ны албан хаагчдын байр буюу 105 айлын орон сууцны суурийг 1980-аад оны дундуур тавьсан ч хоёр улс зах зээлд шилжин санхүүжилтгүй болсны улмаас ажил нь нэг хэсэг зогссон. Эцэст нь ОХУ-ын компаниар барилгаа гүйцээн бариулж, 60 хувийг нь оросуудад, 40 хувийг нь өөрсдөө эзэмшин, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын ар гэрийнхнийг суулгах болсон юм. ЭСЯ-ны төв байрнаас 19 км зайтай орших энэ байрны дэргэд манай эзэмшлийн спорт заал байсан юм. Тэнд ОХУ-ын хотуудаас цугларан шигшээ баг бүрдүүлсэн залуус бэлтгэл сургуулилалтаа хийдэг байлаа. Гэтэл ЭСЯ-наас түрээслүүлэх шийдвэр гарч, монгол оюутнуудаа бүү хэл, тэр байранд амьдардаг Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд ч орж чадахаа больсон. “Батутный центр” гэж нэрлэж буй энэ заалыг хувийн харилцаатай монгол хүнд түрээсэлсэн юм шиг байна лээ.
Элчин сайд Б.Дэлгэрмаа ирээд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажил ярьж, тус улсын Төрийн тэргүүн, сайд нартай яриа хэлэлцээ хийхийнхээ оронд ЭСЯ-ныхаа аж ахуйн ажилд оролцон, энэ байр танхимыг ТББ-ынхантай булаалдаж буй нь харамсалтай. Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгийг л зүй бусаар зарцуулж байна гэсэн үг шүү дээ” хэмээсэн юм.
Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрын байрыг түрээслүүлнэ гэдэг олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ зөрчиж буй хэлбэр гэдгийг мэргэжлийн дипломатчид хэлж байна. Мөн дипломат төлөөлөгчийн газар ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хориотой байдаг болохоор бүх төрлийн татвараас чөлөөлөгддөг аж.
Гэтэл ОХУ дахь манай ЭСЯ-ны хоёр ч байрыг түрээсэлж буйг холбогдох байгууллагынхан мэдээгүй суугаагүй нь лавтай. Өнгөрсөн хавар манай ЭСЯ-ны II байранд нууц казино ажиллуулж байсныг ОХУ-ын хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл тухайн үед шуугиан тариад өнгөрсөн. Тэгвэл одоо Москва дахь манай өөр нэг эзэмшлийн газрыг түрээслүүлээд буй бөгөөд тэнд ямар үйл ажиллагаа явуулж байгааг үзэх ч эрх монголчуудад алга болжээ.
ЭЛЧИН САЙДТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ОЛОН ИРЭХ БОЛЖЭЭ
ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой гомдол олон байгааг ГХЯ-ныхан хэлж буй ч сандал суудалтайгаа зууралдсан төрийн албан хаагчдад үүнийг ил гаргах зориг үгүй бололтой.
Яамны ажилтнуудаа элдэв үгээр доромжлоод зогсохгүй, тэмцээнд оролцох гэж ирсэн тус улсад сурч буй оюутнуудыг хавчиж, хяхаж байгаа тухай ч мэдээлэл байгаа гэнэ. Мөн монгол угсаатнуудаа ч доромжилсон тохиолдол гарсан гэх гомдол байгааг ч эх сурвалж хэлж байна. Зөвхөн дээрх төрийн бус байгууллагаар тогтохгүй “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”-ын төлөөлөгчийн газрынхныг ч дарамталдаг тухай гомдол үе үе ирдэг гэнэ.
Дипломат албаны машинаар Москвагийн төвөөс ирж, очихын 150-иад км газарт ач, зээгээ сургуульд зөөлгөдөг, ЭСЯ-ны зуслангийн газарт өөрөө л очихоос биш, өөр хүнийг нэвтрүүлэхээ больсон гэх мэтээр олон гомдол ирэх болсон гэнэ.
Энэ мэдээллийн үнэн, эсэхийг тодруулах, хоёр талын байр суурийг хүргэх үүднээс ГХЯ-ныхантай холбогдох гэж оролдсон ч амжилт олоогүй юм. Бид Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой дээрх мэдээллүүдийг өөрөөс нь тодруулж хүргэхийг зорих болно.
Харин дэлхий даяар тархан суурьшсан монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар нэгдсэн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ынхан удахгүй хэвлэлийн бага хурал хийж, Элчин сайдтай холбоотой төр, засгийн зүгээс өгсөн албан ёсны хариултыг хүргэхээр болоод буй гэсэн.