
"Улсын мэргэшсэн хяналтын төв" ТББ-ынхан 1996 оноос хойш төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн нэр, огноо зэрэг баримт бичгийн хуулбарыг гаргаж өгөхийг шаардсан албан бичгийг Ерөнхий сайд болон удирдах албан тушаалтнуудад хүргүүлж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэв.
Тухайлбал, тус ТББ-ынхны хэлж буйгаар 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төрийн өмчид үлдсэн аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь ашиг орлого багатай, алдагдалтай ажиллаж ирсэн нь төсөвт тодорхой хэмжээний дарамт болж ирсэн гэнэ. Үүний гол шалтгаан нь төрийн өмчит ААН-д бараа, үйлчилгээ нийлүүлж буй ААН-үүд зах зээлийн бодит үнээс хэтэрхий өндөр өртөгтэйгөөр бараа нийлүүлж, ажил үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн хардлага их байгаа аж. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-т, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудыг үндэслэн дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.
Тус шаардлагад 1996 оноос хойших төрийн өмчит аж ахуйн нэгжид бараа, ажил үйлчилгээ нийлүүүлж байгаа аж ахуйн нэгжийн нэр, нийлүүлсэн бараа, үйлчилгээний тоо ширхэг, огноо зэрэг мэдээлэл бүхий баримт бичгийн хуулбарыг 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор олон нийтэд зарлахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар нараас шаардлаа.