

Багш нар цалингаа 20 хувиар нэмэгдүүлж, ажил хаялтаа зогсоолоо
Багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж, Засгийн газар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эцэслэн шийдтэл үндсэн ажил үүргээ хийхгүй гэдгээ мэдэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийн ажлын эхний өдрийн хамгийн анхаарал татсан үйл явдал болов. Тэгвэл тухайн өдрийн үдээс хойш Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, зөвшилцөлд хүрсэн юм.
Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭРГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр багш нарын цалинг бүгдийг нь алагчлалгүй цалингийн 20 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Энэ мөнгийг үр дүнгийн урамшуулал хэлбэрээр олгох гэнэ.

Сэлэм эргүүлэгч С.Бямбацогтын "ТАНХАЙРАЛ"
нийслэл дэх МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт энэ сарын 11-12-нд шилжих шөнийн 01.55 минутын үед Баянгол дүүргийн нутаг, “Castle” гэх диско баарны гадаа хамгаалагчидтай нь гар зөрүүлэх үеэрээ сэлэм гарган далайж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан юм. Баарны гадна болсон зодооны улмаас хүн бэртээгүй гэнэ.
Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй. С.Бямбацогт энэ талаар цахим хуудсандаа “Тоглоомон сэлэм сугалахад юун сүртэй юм бэ. Жинхэнэ сэлэм энэ муусайнуудад хурцадна” хэмээн бичсэн нь олон хүнийг эгдүүцлийг төрүүлээд амжсан. Тэрбээр диско баарны дараа “River beach” амралтын газар очиж, мөн л шуугиан дэгдээжээ. Энэ үеэр гурван хүн гэмтсэн байна. Болсон явдлыг сийрүүлбэл, С.Бямбацогт амралтын газарт хоёр хүний хамтаар очиж, мөрийтэй тоглосон байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар “Энэ сарын 12-ны 06.35 цагийн үед зодоон боллоо гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу очиход зарим хүн зугтсан байв. Тэднийг хайж байгаа. Зодооны улмаас С.Бямбацогтын баруун гарын шуу хугарч, дагуулж очсон хоёр хүнийх нь нэг даландаа хутгалуулан, нөгөө нь толгойдоо гэмтэл авсан. Тиймээс тэднийг хориогүй, гадуур шалгаж байгаа” гэв.

МАН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн цуваа хөвөрсөөр...
МАН-ын 28 дугаар их хурлаар сонгогдох намын удирдлагын сунгаанд УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нэрээ дэвшүүлнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Ингэснээр Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нартай өрсөлдөх нь тодорхой болж байх шиг. Харин үүний дараа "Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг намын даргад өрсөлдөхөөр МАН-ын дарга М.Энхболдод өргөдөл хүргүүлжээ. Тэрбээр МАН-ын БГД-ын 121 дүгээр үүрэнд харъяалагддаг бөгөөд сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу өрсөлдөхөөр болсноо мэдэгдсэн юм.

Б.Хурц "Би цааш нь ярих уу, “хэрэггүй юү”"
Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох, эсэхийг хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан нэлээн хурц "өрнөлтэй" болж өнгөрлөө. Хуралдааны үеэр Болд гишүүн "Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн байдал нь маш хүнд байхад хүчээр авч явж, байцаалт авсан. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг ч мөн ажлаа хийж байхад нь дуудаж аваачаад шалгасан. Тэд маш хүнд нөхцөлд байсны эцэст тэнгэрт хальсан. Үүнийг хэн захиалсан бэ" гэж асуусан.
Харин Б.Хурц: Нэгдүгээрт, Хойд Солонгост зэвсэг зарах гэж 300 мянган ам.долларыг та авсан. Энэ оны зургадугаар сарын 12-нд тус улсын прокурорын байгууллага танаас 500 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг илгээсэн. Танаас болж тэнд хоёр хүн цаазлуулсан, нэг генерал ял авсан. Тухайн өдөр ирсэн бичиг нь ил байгаа. АТГ, Ц.Нямдорж сайд мэдэж байгаа.
Улмаар ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбогдуулан Ж.Батзандан нарын 21 гишүүний саналаар сонсгол хийхээр болов.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Төв банкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2018 оны эцсээр валютын нөөц 3 тэрбум болох төлөвтэй байгааг дурдаад “Иймд ханш өсөхгүй гэдэг таамаглалтай байгаа. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дарамт үүсэхгүйн тулд Монголбанк ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана” гэлээ. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд валютын ханшийг уян хатан, тогтвортой байлгах асуудлыг тусгасан гэдгийг онцлов.
Дараа нь хэлэлцэж буй төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 67.9 хувь нь дэмжснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одонгоор шагналаа
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан 2017 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.
Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 11 хүнийг шагнаад байгаа бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Чингис хааны мэлмий гийсний 855 жилийн ойд соёрхол дэвшүүлэх энэ өдөр Монгол улсын олимпийн анхны аварга, анхны олимпийн хошой медальтан “найдвар алдаж үзээгүй” хэмээн олондоо хүндлэгдсэн Найдангийн Түвшинбаярт Чингис хааны одонг гардуулахаар шийдвэрлэлээ. Спортын салбарынхнаас Н.Түвшинбаярт анхлан энэ хүндэт шагналыг олгож байна. Монголчуудын эв эвдэрч, сэтгэл санаа булингартан, түгшүүр бухимдал буглан байсан хар өдрүүдийг олимпийн анхны аварга төрөн гарсан баярт мэдээ хэрхэн гэрэлтүүлж, эвлэлдүүлэн нэгдүүлж, баясган хөөргөж байсныг монгол түмэн мартах учиргүй. Н.Түвшинбаяр бол нийт монголчуудын эх оронч үзлийг бадрааж, үндэстнээ дээдлэх сэтгэлийг нь оргилуулан бадраасан гавъяатан билээ. Н.Түвшинбаяр нь шаргуу хөдөлмөр зүтгэлийн эзэн төдийгүй ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж, хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэтгэхийн жишгийг бодитоор харуулж, амжилтын оргилыг байнга дээшлүүлэн өргөж байхын үнэ цэнийг илтгэн харуулсан монгол сод тамирчин билээ" гэсэн юм.

2017 оны "Дэлхийн Мисс"-ийн тэмцээнд Монгол мисс топ 15-д шалгарав
Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнгөрөгч бямба гаригт БНХАУ-ын Санья хотноо болж өндөрлөлөө. Дэлхийн 130 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, титмийн эзнээр Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Чиллар шалгарсан бол Монголын мисс топ 15-д шалгарсан юм.
Түүний гаргасан амжилтуудыг дурдвал:
- Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
- Мисс Мултимедиа "Ялагч"
- Зорилго бүхий мисс "Топ-20"
- Мисс спорт "Топ-8"
- Miss Top Model төрөлд TOP -30
- Дэлхийн бүжиг "Топ-5"
- People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарчээ.