
Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж элэг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээсэн хэрэг хэрхэн шийдэгдэх нь сүмо сонирхогчдын анхаарлыг татсаар байна. Хэдийгээр аварга Кюүшюү башёг өнжин, япончуудаас албан ёсоор уучлалт гуйсан ч тусыг эс олов бололтой. Улмаар Японы сүмо бөхийн холбоо эл хэргийг улам нарийн шалгасны эцэст шийдвэр гаргахаа илэрхийлээд буй.
Монгол сүмочдын хэргээс болж цөөнгүй хүн талцаж, Кёкүшюүзан Д.Батбаяр, Их аварга Д.Дагвадорж нар хүртэл хоорондоо ам муруйгаад амжсан. А.Баасандоржийн бэртэл хурдан эдгээсэй гэхийн зэрэгцээ япончуудын дарамт, шахалтын улмаас Харүмафүжийг зодог тайлах вий гэх бодол монгол түмэнд төрж байгаа нь мэдээж. Усыг нь уувал ёсыг нь дагна гэгчээр сүмогоор барилдаж байгаа л бол дүрэм, журмыг нь баримтлах нь зүйн хэрэг.
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд манай бөхчүүд зодоглож эхэлснээсээ хойш төдийгөөс өдий хүртэл монгол түмнээ амжилтаар баярлуулсаар ирсэн. Үүний сацуу үе үе хэрэгт холбогдон, монголчуудынхаа чихийг халууцуулах болсон нь тоогүй. Таван монгол сүмоч найрааны хэрэгт холбогдон, Их аварга Д.Дагвадорж хүн зодсоны улмаас зодог тайлахад монгол түмэн тэднийг чадлынхаа хэрээр өмгөөлж, хамгаалсан.
Бусад орныхон тэр тусмаа өндөр ёс суртахуунтай япончууд монгол сүмочдын хэлж буй үг, хийж байгаа үйлдлээр биднийг тодорхой хэмжээнд дүгнэнэ. Согтууруулах ундаа хэрэглэн, хөлчүүрхсэний улмаас нутаг нэгтнээ гэмтээн, монголчуудынхаа нэрийг сэвтүүлчихээд япончуудаас л уучлалт гуйгаад өнгөрч боломгүй байлтай. Сүмочдоо амжилт гаргахад нь магнайгаа хагартал баярлаж, алдаа гаргахад нь түшээд авдаг монгол түмнээсээ уучлалт гуйх ухаан, сэтгэлийн тэнхээ Харүмафүжид байгаа гэдэгт итгэлтэй байна.