
Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад зургаа хонож байна. Тус сумын иргэн Д-ийн таван үхэр шүлхийгээр өвчилсөн нь шинжилгээний хариугаар баталгаажсаны дараа сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Одоогоор есөн айлын, шүлхийгээр өвчилсөн 120 үхрийг устгаж, 7156 үхэр, 1041 гахай, нэг ямаа, нийт 8198 мал, амьтныг вакцинжуулж, 1280 ам метр талбайг ариутган халдваргүйжүүлжээ.
Улсын Онцгой комиссын ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй шуурхай бүлэг тус суманд ажиллаж, сумын Онцгой комиссыг уржигдар хуралдуулан үүрэг чиглэл өгсөн гэнэ. Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргав. Өвчин гарсан шалтгааныг яаралтай тогтоохыг тагнуул, цагдаагийн байгууллагад үүрэг болгосон аж.