
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

МАН-ын XXVIII их хуралд оролцсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 100, залуу нь 22 настай
Энэ сарын 20-23-ны өдрүүдэд болсон МАН-ын XXVIII их хурал өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв байлаа. Тус хурлаар намын шинэ даргаа сонголоо. Монгол Ардын Намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 15 дахь даргаар сонгогдсон байна. Их хурлаар Бага хурлын 369 гишүүнд 418 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 369 хүн сонгогдсон бол Хяналтын ерөнхий хорооны 15 гишүүнд 28 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 15 хүн сонгогджээ.Энэ үеэр МАН-ын дарга асан М.Энхболд үг хэлэхдээ "Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж, намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай. Улмаар намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг төрөө засах, түмнээ амар түвшин болгох амин чухал асуудлыг шийдэх түлхүүр хэмээн үзэж, энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллахыг уриалж байна.
Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал, Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино. Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна" гэсэн юм.

Жолоочийн үнэмлэхээ хэвлэгдэхийг нь хүлээх ШААРДЛАГАГҮЙ
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /http://dedu.police.gov.mn/-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд хүлээлгэн өгчээ.
Жолооны сургалтын төвийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нээгдэж байна. Мөн тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь шууд хэвлэгдэх боломж бүрдэж буй юм.

Шүлхий өвчин дэгдлээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад арав гаруй хонож байна. Тус сумын иргэн Д-ийн таван үхэр шүлхийгээр өвчилсөн нь шинжилгээний хариугаар баталгаажсаны дараа сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Мөн нийслэлд уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэрийг гаргасан бөгөөд шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналтын постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхий өвчний вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч байна. Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан юм.

Эрх баригчид 60 хүнд үйлчилсэн хуулийг оруулж ирж байна гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүний санаачилгаар нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар мэдээлэл сонссон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар энэ сарын 22-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийсэн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "Аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна. Эрх баригчид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 3.1 хүртэл хувь нь төрийн албанд, төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно гэсэн заалтыг энэ хуульд нэмж оруулахаар хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн ч энэ нь өөрөө нийтдээ 39 заалтыг ноцтой зөрчсөн заалт орж байгаа юм. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт 7240 ИТХ-ын төлөөлөгчдийн 3.1 хувийг нь төрийн захиргаанд оруулж ажиллуулна гэвэл 2340 улстөрчийг төрийн албанд хуулийн хүчээр оруулах гэж байна. Энэ нь төрийн албыг улстөржүүлэх хамгийн том шийдэл рүү алхаж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна. Тиймээс зөвхөн 60 хүнд үйлчилсэн хуулийг эрх баригчид санаачилж оруулж ирж байна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл гэдгийг тэрбээр онцолсон аж.

Томоохон сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчиддээ 50-80 хувийн хямдралаар БЭЛЭГ барив
Америкчуудын үндэсний баяр болох Талархлын баярын дараа өдөр нь болдог супер хямдралтай худалдаа болох “Хар баасан гариг” буюу “Black Friday”-г манайхан тэмдэглэсээр хэдийнэ гурван жилийн нүүр үзлээ. Энэ жилийн баасан гариг буюу энэ сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүд ихэнх бараандаа 50-80 хувийн супер хямдрал зарлалаа.
Жишээлбэл, Номин Холдинг компани бүх цахилгаан бараа болон 10000 гаруй нэр төрлийн бараанууд 80 хувь хүртэл, "Stardom by Platinum" дэлгүүр 20-50 хувь, MAXMALL дэлгүүр бүх бараандаа 80 хүртэлх хувийн хямдрал зарлаж, 10 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн 50-иас дээш хувиар, Benetton брэнд бүх бараандаа 50 хувь, БСБ групп 10-20 хувь, Улаанбаатар их дэлгүүрийн 39 дэлгүүрийн 100 гаруй брэнд 20-70 хувиар, Elpa Cesar's брэндийн өвлийн куртик, хавар намрын нимгэн куртик, пиджак, жинс, ноосон цамц, пүүз зэрэг бараа бүтээгдэхүүн 50 хувь, Нэкстийн хамт олон 5-50 хувийн хямдралыг тус тус зарлалаа.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ тунхагласан ойн өдөр тохиолоо
Өнөөдрөөс 93 жилийн өмнө Монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, орчин цагийн эрх зүйт төр улсын үндэс суурийг дархалсан юм. Энэ өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 64375 залуусын төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг нээж хэлсэн үгэндээ
манай улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Төрөөс хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой, тогтвортой байлгахын талаар анхаарч ажиллаж байна.
Монгол Улс залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хууль эрхзүйн орчныг бий болгосон цөөхөн улс орны нэг боллоо. Улсын Их Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2017 онд баталснаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах болон хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа юм" гэлээ.
Мөн энэ өдөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.