
Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн Баасан гаригт буюу 2017 оны 11 дугаар сарын 24-ны өдөр болж, “АПУ” ХК-д “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэгтгэхийг зөвшөөрсөн байна.
Нэгтгэх үйл ажиллагааны хүрээнд “АПУ” ХК нь хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцааг нэмж гарган, “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох, дэлхийд шар айргийн түгээлт, борлуулалтаар 2-т ордог “ХАЙНЕКЕН” компани болон МУ-ын “Монголиан Бэвэрижс Инвестментс”ХХК-д компанийн 25% болон 5.19%-ийг тус тус эзэмшүүлж байгаа юм.
Уг нэгтгэлийн үр дүнд “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийн охин компаниуд болох “Спирт бал бурам”ХХК, “М-Би-Си”ХХК, “СББ Трейд”ХХК, “MCS APB”ХХК, “АПУ Трейдинг”ХХК, “Депод”ХХК, “Улаанбаатар спирт”ХХК, “Натур Агро”ХХК гэсэн компаниуд “АПУ” ХК-д нэгдэж байгаа бөгөөд ингэснээр “АПУ” ХК нь өөрийн үйлдвэрлэлийг спирт үйлдвэрлэлийн анхан шатнаас нь эхлэн борлуулалт, түгээлт хийх эцсийн шат хүртэл өөрийн охин компаниудаараа дамжуулан явуулах боллоо.
Ийнхүү 2017.11.22-ний өдрийн хаалтын ханшаар 253,3 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 321,3 сая ширхэг хувьцаа нэмж гаргаснаар “АПУ”ХК нь нийт 1.06 тэрбум ширхэг хувьцаатай болж, 835,8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болж Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хамгийн том компани болж байна.
Энэхүү нэгдэл нь Монголын хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн хамгийн их үнийн дүн бүхий, том хэлцэл болж байгаа юм.
“АПУ”ХК болон “Эвэргрийн Инвестментс”ХХК нарын нэгтгэх үйл ажиллагаанд андеррайтераар “БИДИСЕК ҮЦК”ХК, Аудитороор “KPMG Аудит” ХХК, үнэлгээний байгууллагаар “БДО Аудит” ХХК, хуулийн компаниар “Өмгөөллийн Батбаяр энд партнерс” компаниуд тус тус ажилласан байна.