
Монголд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар хомс. Анги хамт олон, найз нөхдөөрөө сагсан бөмбөг, волейбол тоглох гэсэн хүмүүс ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын танхимыг царайчлахаас өөр аргагүйд хүрдэг. Хэдийгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын Хураамж авахыг хориглох тухай 2008 оны 98 дугаар тушаал байдаг ч танхимын түрээсийн үнэ өдгөө нэгэнт тодорхой жишигтэй болсон.
Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын танхимын ашиглалтыг албажуулж, цэгцлэх зорилгоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа уржигдар шинэ тушаал гаргажээ. Уг тушаалд үндсэн чиг үүргийн хичээл, хичээлээс гадуурх секц, дугуйлангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, суралцагчийн эрх ашгийг хохироолгүй, сургалтын бус цагаар аж ахуйн нэгж, иргэнд биеийн тамирын танхимаа гэрээгээр ашиглуулж, нэмэлт орлого олохыг хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зөвшөөрсөн байна.
Ингэхдээ ашиглуулах гэрээний хүрээнд олсон орлогыг холбогдох хууль, журмын дагуу байгууллагын данс тооцоонд бүртгэж, зарцуулах, тайлагнах, хяналт тавихад хамт олноо татан оролцуулахыг мөн үүрэг болгожээ. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд биеийн тамирын танхимаа ашиглуулсны орлого болон зарцуулалтын мэдээллээ хэрхэн тайлагнах журмын төслийг ирэх оны нэгдүгээр сард багтаан батлуулахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаад даалгасан аж. Үүнтэй холбогдуулан өмнөх тушаалыг хүчингүй болголоо.