
ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсын жишигт хүргэх зорилгоор Засгийн газраас байгуулж буй Малын удмын сангийн үндэсний цогцолборын 16 барилгыг гүйцэтгэгч компанийнхан Улсын комисст хүлээлгэн өгчээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сум, Буурлын энгэр хэмээх газар 22.3 га талбайд байгуулсан эл цогцолборыг барихад улсын төсвөөс 17.1 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд цаашид олон улсын жишгийн дагуу тохижуулж, тоног төхөөрөмж суурилуулах гэнэ. Малын удмын сангийн үндэсний цогцолборыг ашиглалтад оруулснаар шилдэг омог, үүлдэр, мал, амьтны шалгарсан удмыг ашиглан, биотехнологи, генийн инженерчлэлийн аргаар донор сүрэг бий болгож, гүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах, зохиомлоор хээлтүүлэх ажлыг өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна монгол малын генийн санг хадгалах боломж бүрдэх юм байна.
Эл цогцолбор мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, генетик судалгааны лаборатори, үзэсгэлэн, худалдаа, сургалт зохион байгуулах төв, Малын хөгжлийн музейтэй байх аж.