
Мэдлэгээс баялаг бүтээдэг гарааны компаниудын өрсөлдөөн манай улсад сүүлийн таван жилд хүчтэй өрнөсөн боловч тухайн салбарт нийцсэн дорвитой ахиц гараагүй гэнэ. Зарим орон старт ап-ыг хөгжлийн гарц хэмээн үзэж, төрийн бодлогоор дэмжиж буй. Өөрөөр хэлбэл, аливаа шинэ санаа, сэдэл нь гарааны бизнесийн гол үндэс аж. Монголд мэдээллийн технологийг хөгжүүлэхийн тулд олон залуу санаа нэгдэн ажиллаж байгаа ч шинэ бүтээлээ туршиж үзэх газар хомс байдаг бололтой.
Тэгвэл “Fab lab” буюу дижитал аппликэйшн лабораторийг өнгөрсөн сарын 10-нд Монголд анх бий болгожээ. Мэдээллийн технологийн салбарыг сонирхдог бүтээлч сэтгэлгээтэй хүмүүст өөрсдийнхөө санаа шийдлийг судалж, боловсруулах боломж бүрдүүлж буйгаар ач холбогдолтой. Үүнийг санаачилсан залуусын оффис руу ороход компьютерын үндсэн эд анги болох хавтангуудыг нэг ханаараа дүүргэж, гэрэлтүүлсэн нь содон харагдаж байлаа. Тэдгээрийг жил гаруйн хугацаанд цуглуулсан агаад үйлчлүүлж буй хэрэглэгчдээ зориулж байршуулжээ.

Эл лабораторид лазер болон призерийн машин, 3D принтер буюу ямар ч хэлбэр дүрс бүхий биет дүрсийг дижитал загвараас хэвлэх төхөөрөмж байлаа. Мөн дараагийнх нь гурав хэмжээст биетийг бүтээх, эх загварыг турших ultimakeг гэх мэт дагалдах олон тоног төхөөрөмж байв. Эдгээр нь дижитал тохиргоонд ажиллаж буй “0101” чип дээр программ бичин, технологийг ашиглаж шинэлэг санаа бүтээх гэсэн хүмүүст зориулсан цогц үйлчилгээ аж.
Уг төслийг санаачлагч Ж.Амарсайхан, Ц.Хасбилэгт, Б.Мягмарзул нар бизнесээ хоёр жил гаруй хугацаанд судалсны үндсэнд ийн нэвтрүүлжээ. Лабораторийнхоо тохижилтыг олон улсын стандартад нийцүүлсэн аж. “Өмнө нь технологийн сургалтад сууж байхад надад олон санаа төрдөг байсан. Үүнийгээ хийе, туршиж үзье гэхээр тоног төхөөрөмж нь байдаггүй. Тиймээс ч Монголдоо яагаад нэвтрүүлж болохгүй гэж бодсон. Тэгээд л судалгаа хийхэд багагүй хугацаа зарцуулсан. Өнөөдөр гаднын улсын 2003 онд гарсан технологи манайд өнгөрсөн жил нэвтэрч байх жишээтэй. Үүнээс харахад, мэдээллийн технологийн салбар маань хөгжиж буй орнуудаас 10-15 жилээр хоцорч байгаа тул анхаарах хэрэгтэй” гэж Ж.Амарсайхан ярив.

Тус лаборатори байгуулагдсан нь мэдээллийн технологийн салбараас гадна шинээр бизнес эрхэлж буй хүмүүст дижитал орчноор дамжуулж нано технологийг эзэмшүүлэх, мөн залуусийн сэтгэлгээнд хувьсгал хийх аж. Ингэснээр бид гадаадын улсаас технологи болон бусад зүйл хуулбарлахгүйгээр судалж, хэрэгжүүлнэ гэсэн үг. Мөн Монголд анх удаа дээрх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн нь бусад хүнийг бүтээгдэхүүн, бүтээл хийх, эсвэл юм сурах хүсэлтэй болгох орчныг нь бүрдүүлж өгч буй нь эл лабораторийн ач холбогдол оршиж байгаа гэнэ.
Бизнесийн санаагаа бүрэн хэрэгжүүлэхэд зориулагдсан тус лабораторийн судалгааны бааз нь өдөрт 10-14 хүн хүлээн авах боломжтой юм билээ. Уг лабораторийнхон тоног төхөөрөмжийнхөө 70 гаруй хувийг гаднаас оруулж ирсэн гэнэ. Тэд сардаа нэг багц гаргаж, долоо хоногт 4-6 өдөр нь ажиллан, үйлчлүүлж буй иргэдэд мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгдөг аж. Жишээ нь, утас, эсвэл робот зохион бүтээх явцад программ, технологи нь гацах, кодоо хийж чадахгүй үед нь тусалдаг байна.
Одоогоор дээрх залуус лабораторио ажиллуулахын сацуу автобусны яндангаас гарч буй утааг бууруулах шүүлтүүр хийж байгаа гэнэ. Мөн энэ сарын 9-нд “Орчин үеийн техник ба удиртгалын ерөнхий систем” дээр хэрхэн ажиллах талаар эхний семинараа хийхээр төлөвлөжээ. Үүнд дижитал программын чиглэлээр шинэ санаа гаргасан, эсвэл энэ салбарыг сонирхож буй хүмүүс оролцох боломжтой гэв. “Fab lab” нь дэлхийн 30 гаруй оронд 1199 салбартай агаад манайх 1200 дахь нь болжээ. Эдгээр салбарын төвтэй “Fablab.io” веб сайтаар дамжуулан холбогдож, хоорондоо саналаа солилцдог юм байна.
Мэдээллийн технологийн эринд амьдарч байгаа гэдгээ санаж, шинийг эрэлхийлэн, аливаад судлаач сэтгэхүйгээр хандах хэрэгтэй гэдгийг Ц.Хасбилэгт хэлж байлаа. Өдгөө тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд тустай хоёр шинэ санаа гарган, ажил хэрэг болгохоор зүтгэж буй. Үүнийгээ одоогоор олон нийтэд танилцуулах боломжгүй гэлээ. Мэдээллийн технологийн хурдтай хөгжил, цахим хувьсгал нь дэлхий дахинаа шинэ үеийн бизнес эрхлэгчдийг гарааны нэг цэг дээр зогсох боломжийг олгосон.