
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ЦААЗЫН ЯЛ СЭРГЭЭГДЭХ ҮҮ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүлсэн. Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.
Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах онц ноцтой, харгис хэрцгий, жигшүүрт үйлдэл юм.
Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна.
Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй болно. Тиймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" хэмээсэн байна. Энэ үйл явдал сүүлийн хэд хоног олон нийтийн анхаарлыг татаж, нийгмийг талцуулаад байна. Хэсэг бүлэг хүн цаазын ялыг сэргээх нь зүйтэй хэмээн үзэж байгаа бол зарим хүн цаазыг сэргээснээр жигшүүрт хэрэг зогсохгүй, үүний оронд охидод өөрсдийнхөө биеийг хамгаалж сурах мэдлэгийг олгох ёстой хэмээн үзэж байна.

ХАРУМАФҮЖИГ ДАХИН ДЭВЖЭЭНЭЭ ХАРАХГҮЙ
Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа албан ёсоор мэдэгдээд буй. Нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээснийхээ төлөө тэрбээр Кюүшюү башёг өнжөөд байсан ч өнгөрөгч лхагва гаригт өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсноо мэдэгджээ. Түүний хүсэлтийг багш Исэгахама сүмогийн холбоонд хүргэж өгсөн байна. Харүмафүжи энэ талаараа "Би архинаас болж иймэрхүү асуудал гаргаж байгаагүй. Энэ удаад ч мөн архинаас болоогүй" гэдгээ мэдэгдсэн. Ямартай ч түүнийг дахин сүмогийн их дэвжээнээ харахгүй нь.
.jpg)
БАЯНХОШУУ ОРЧИМД АГААРЫН БОХИРДОЛ СТАНДАРТААС 5-6 ДАХИН ИХ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажилласан. Энэ өдөр агаарын чанарын харуулын 11 цэгийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошуу орчмын агаарын чанарыг хэмждэг харуулын цэгт очсон юм. 19.00 цагийн үед агаарын чанарын индекс Баянхошуу орчимд стандартаас 5-6 дахин их бохирдолтой байсан бөгөөд зарим үед 10 дахин их байх тохиолдол бий гэнэ.
Агаарын бохирдлын голомт бүхий бүсэд ажилласны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэхийг уриаллаа. Төр, засгаас агаар, орчны бохирдлын эсрэг боломжтой бүх арга хэмжээг авч байгаагийн адил төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дуу хоолой нэгтэй зүтгэе гэлээ.
Иргэд гэр, байшингаа дулаалбал дулаан алдагдал 50 хувь буурч, нүүрс, түлээнд зарцуулах мөнгөө хэмнэн, агаарын бохирдол ч тэр хэрээр багасна. 220 мянган өрх дулаалгаа сайн хийчихвэл утаа одоогийнхоос 50 хувь буурах боломжтой. Утааны эсрэг тэмцэлд ямар нэгэн улс төржилт байх ёсгүй гэдгийг тэмдэглэв.
Ирэх жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлж, гэр хорооллыг барилгажуулан, найдвартай эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахыг зорьж байгааг Ерөнхий сайд онцолжээ.
Тэгвэл өнгөрөгч ням гаригт "Утааны эсрэг ээж аавууд" ТББ Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан Ялалтын талбайд жагслаа. Тэд “Амьсгалах эрхийг минь хангаж өгөөч”, “Ж.Бямбадоржоо эмнэлгийн коридороор яваад үзээч”, “"Та хамраа нээ!", "Та ядахдаа өөрийнхөө уушгины төлөө дуугараач" гэсэн уриа лоозон барьцгаасан байсан юм.

С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАРИМ МАТЕРИАЛЫГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРГАЛАА
УИХ-ын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, нууцын зэрэглэлээс гаргасан. Энэ асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр "-УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж, гурван иргэнд ял шийтгэл хүлээлгээд байгаа. Энэ гурван иргэнтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргалаа. Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд үлдлээ. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэрэг энэ үндсэн хэргээс тусгаарлагдаж энэ чиглэлээр нь хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээлэлтэй байна. Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ нь илүү нээлттэй болох юм" гэсэн юм.