
“Мобиком”-ын сүлжээ доголдоод гурав хонолоо. Аргаа барсан хэрэглэгчид өчигдрөөс “Мобиком амьд уу”, “Хорвоогоос тасраад удаж байна”, “Мобиком арай дэндүү юм” гэх сэтгэгдэл цахим орчинд үлдээж эхлэв. Түүнчлэн “Мобикомын хохирсон хэрэглэгчид” гэх групп ч нээж амжжээ. Тус группийг нээгчид “Moбикoм” хэрэглэгчдээ луйвардаж, чимээгүйхэн хулгай хийсээр л. Хэрэглэгчдийн гомдлыг шийдэж өгөхгүй хохироосоор байх уу. Хэрэглэгч бид эрх ашгаа хамгаалуулах ёстой” гэсэн тайлбар бичжээ.
Сүлжээ унаж, дуудлага ирэхгүйгээс гадна, тохуу хийж байгаа юм шиг “Танд 99...... дугаараас дуудлага ирлээ” гэх мессэжүүд хэдэн цагийн дараа хэрэглэгчийн утсанд ар араасаа хөврөн ирсэн гэнэ. “Мобиком” орон нутагт 2500, нийслэлд 1000 гаруй сүлжээний төхөөрөмж суурилуулсан гэх. Гэвч сүлжээгээ алхам бүр хянах инженер, техникийн ажилтан дутмаг уу, эсвэл тэдний мэдлэг чадвар хүрдэггүй юү, ямартай ч сүлжээ нь байсхийгээд л доголддог.
Сүүлийн гурав хоногт “Мобиком”-ын сүлжээ доголдсоноос цөөнгүй хүн ажлаа алдаж, багагүй бухимдав. Тухайлбал, сүлжээ доголдсоноос шаардлагатай гүйлгээгээ цагтаа хийж чадалгүй алдагдал хүлээсэн хэмээн 9999... дугаартай хэрэглэгч өгүүлэв. Мөн дуудлага ирээгүйгээс чухал уулзалтаа цуцалсан гэж өөр нэг хэрэглэгч бухимдав. “Найман шарга” валют арилжааны төвийн орчим ачаалал хэт ихэссэнээс сүлжээ унасан байна. Тус корпорацын сүлжээний инженер төхөөрөмжийг шалгаж дахин ачааллуулсан гэнэ.
Гэвч бүтэн нэг хоног өнгөрөөд байхад Урт цагаан, “Тэнгис” кино театр, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд сүлжээ унасан хэвээр байв. Төхөөрөмжийг дахин ачаалуулаад 24 цаг бололгүй дахин доголдож буйд бухимдсан хэрэглэгчид “Мобиком” хэт их сурталчилгаа хийж хэрэглэгчдийн тархийг угаахаасаа илүүтэй тоног төхөөрөмжөө сайжруулаасай гэсэн хүсэлт уламжиллаа. Харин тус корпарацаас “2017 оны арванхоёрдугаар сарын 4-нд Улаанбаатар хотын “Бөмбөгөр” худалдааны төв, Төмөрчний гудамж орчмын сүлжээ дамжуулах станцад техникийн саатал гарсны улмаас үүрэн холбооны 3G сүлжээ доголдсонд хүлцэл өчье. Тус газрын орчимд 2G болон 4G сүлжээ хэвийн ажиллаж байгаа болно. Манай инженер, техникийн ажилтнууд шуурхай ажиллаж буй бөгөөд арванхоёрдугаар сарын 5-ны 18.00 цагт гэмтлийг бүрэн засварлаж, 3G сүлжээг үйлчилгээний хэвийн горимд шилжүүлнэ. Та бүхэнд хүндрэл учруулсандаа дахин хүлцэл өчье” гэх мэдээлэл өглөө.
Дашрамд, 2014 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажлын хэсэг гарч Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийсэн билээ.
Тодруулбал, иргэд дугаартайгаа үүрэн холбооны өөр операторт шилжих асуудал яригдаж эхэлсэн. Уг үйлчилгээг ажил хэрэг болгоход үүрэн холбооны операторуудаас хэн нь ямар байр суурьтай байгааг хэрэглэгчид мэдэх билээ.