
“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоох зорилгоор “Оны залуу”-г шалгаруулах “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулаад 25 жилийг үджээ. Тухайн жилийнхээ нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г олны дундаас шигшин шалгаруулдаг энэхүү наадамд шилдгээр шалгарах юм.
Энэ жилийн “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадам онцлогтой болж байгаа юм. Өнгөрсөн 25 жилийн шилжилтийн он жилүүд алдаа оноотойгоо өндөрлөж, бүтээн байгуулалтын он тоолж эхэлсэн. Тэрхүү шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн салбарын топ залуу, “Эдийн засаг, бизнес”-ийн салбарын топ залууг тодруулахаараа онцлог болж байна. Мөн уламжлал ёсоор 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулна.
Одоогийн байдлаар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 16-ны өдрөөс албан ёсоор санал хураалтыг эхлүүлэх аж.
25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадмын 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”-аар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар тухайн үед Монгол банкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргал нар шалгарч байсан бол 2000 оны шилдгүүдээр өнөөгийн Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, MCS группын захирал Ж.Оджаргал нар тус тус шилдгээр шалгарч байжээ.
