
Улаанбаатар хот дахь агаарын чанарын суурин харуулуудын мэдээллээр өчигдөр ихэнх гэр хороололд агаар маш их, авто зам болон орон сууцны хорооллууд орчмоор дунд зэргийн бохирдолтой байлаа. Тэр дундаа Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчимд утаа хамгийн их байв. Тухайлбал, агаар бохирдуулагч гол элемент PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлт хүлцэх хэмжээнээс 16.2 дахин давав.
Үсний ширхгийг хэдэн арав хуваасантай тэнцэхүйц жижиг хэмжээтэй уг элемент амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрч, уушги, зүрхийг өвчлүүлэх гол шалтгаан болдог аж. Үүнээс гадна PM 10 буюу бүдүүн ширхэгт тоосонцор стандартаас 7.8, хүхэрлэг хий 2.9 дахин их байлаа. Утаагаараа тэргүүлж буй дараагийн газар нь Толгойт.
Нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ тэнд стандартаас 9.7, бүдүүн ширхэгт тоосонцор 4.8 дахин өндөр байгаа нь илэрсэн аж. Баруун дөрвөн зам, Зурагтад ч мөн агаарын бохирдол их байлаа.