
Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд шинэ галт тэрэг аялж эхлэв. Өмнө нь Эрхүү хотыг зориход 2-3 хонож очдог байсан бол одоо шинэ галт тэргээр өртөө дамжилгүй 24 цагт амжиж хүрэх болжээ.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор Итгэлт хамба, Байгаль нуур үзэх иргэдийн тоо өсөж, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал хурдтай хөгжиж байна. Тиймээс бид Улаанбаатараас Эрхүүгийн чиглэлийн 305/306 дугаар галт тэрэг аялуулах тухай энэ оны есдүгээр сарын 11-15-нд Вьетнам улсын Халонг хотод болсон олон улсын галт тэрэгний чиглэл тохирох хурлаар хэлэлцэж, аравдугаар сарын 2-нд ОХУ, Монгол, Хятад улс хоорондын хилийн хэлэлцээрээр баталсан юм. Манай хамт олон иргэдийг шинэ чиглэлд, шинэ галт тэргээр аюулгүй, найдвартай, ая тухтай аялуулах боломжтой боллоо” гэв.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь энэхүү шинэ галт тэргийг ОХУ-аас 2014 онд худалдан авсан гэнэ. Улаанбаатар-Эрхүү чиглэлийн шинэхэн галт тэргийг Д.Болдбаатар даргатай 12 хүний бүрэлдэхүүнтэй, 120 гаруй зорчигчтой анхны аяллаа өчигдөр эхлүүллээ.
Дашрамд, ачааны жинг 50 кг байхаар нэмэгдүүлсэн нь худалдаа, наймаа эрхлэгчдэд олгож байгаа боломж гэнэ. Аялагчдын урслал нэмэгдвэл галт тэрэгний тоогоо 18 хүртэл нэмэх боломжтой юм. Тухайн галт тэргээр Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд 77 750 төгрөг, Улаанбаатар-Эрхүү чиглэлд 118 300 төгрөгний үнээр аялах боломжтой юм.