
Цэргийн дарга, цагаан зээр хоёр нутаггүй гэж хэзээнээс хэлж хэвшсэн нь мэдэгдэхгүй ч офицеруудад зориулсан энэ үгийг мэдэхгүй хүн бараг л байхгүй. Цэргийн дарга нар дээд командлалаас хаана ажиллах тушаал өгнө тийшээ “цөлөгдсөөр” гавьяаныхаа амралтаа эдлэх болоход тогтсон гэр орон, нутаг усгүй хоцордог явдал хэдэн жилийн өмнө байв. Одоо ч залуу офицерууд ийм амьдралтай гэдэг юм билээ. Харин энэ байдал дээр Батлан хамгаалахын зарим сайд эвтэйхэн “тоглолт хийж” офицер, ахлагч нараа орон байраар хангана, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ гэх амлалтаа биелүүлэхийн тулд цэргийн ангийн байршлаас “хумсалсаар” байгааг алба хаагчид нь шүүмжлэн ярьдаг.
Зэвсэгт хүчний хэмжээнд орон сууц хүссэн хүмүүсийн тоо 3000-4000 байгаа гэдэг. 10-аад жилийн өмнө 5000 орчим офицер, ахлагч орон сууц хүссэн өргөдөл яам, командалдаа гаргаж байв. Яагаад энэ тоо төдийлөн буурсангүй вэ. Орон сууцны олон төсөл, хөтөлбөр үе үеийн сайд нар нь хэрэгжүүлж, цэргийн ангийн эзэмшил газарт барилга бариулсан шүү дээ. Зөв бодлого, менежмент хэрэгжүүлсэн бол олон офицер, ахлагчийг орон байртай болгох боломжтой байсан нь гарцаагүй.
Харамсалтай нь, тус яамны сайдаар томилогдож ирсэн хэдэн улстөрч, тэднийг дагаж явдаг дарга нар халаасаа түнтийлгээд, бага, дунд тушаалын офицер, ахлагч нар тоотой хэдхэн хогшлоо ачин, эхнэр, хүүхдээ дагуулан хотыг тойрон нүүсээр байгаа билээ. Хэн гэдэг сайдын үед орон сууцны ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснийг хэдэн баримт эш татан дурдъя. Батлан хамгаалахын сайдаар сүүлийн жилүүдэд томилогдсон хүмүүсийг хөрөнгө мөнгөний асуудал сүүдэр мэт дагаж ирсэн.
032 ДУГААР АНГИЙН ГАЗАР ХУВЬ ХҮНИЙ ЭЗЭМШЛИЙНХ ГЭВ ҮҮ
БХЯ, ЗХЖШ-т ажилладаг, өмнө нь ажиллаж байсан хэд хэдэн хүнтэй уулзахад “Ж.Гүррагчаа 2000-гаад оны эхээр манай салбарын сайд байх үеэс л цэргийн ангийн газрыг нааш цааш нь болгож эхэлсэн. Түүнээс хойш олон ч сайдын “буянаар” цэргийн анги, салбарууд газаргүй болж байгаа. Бөх сайд болон Ц.Шаравдоржийн үед л элдэв төсөл хөтөлбөр нэрээр цэргийн ангийн газраас хумслаагүй байх. Тэднээс бусад нь ч бүгд л ямар нэг байдлаар газар олгосноос болж, зарим ангийн алба хаагчид өглөө, оройд нэгдэж цуглах жагсаалын талбай ч үгүй болж байсан” гэсэн юм.
2003-2004 оны үед юм даг. Шар хадны наад талд хоёр өндөр антенн байдгийн хүмүүс андахгүй. Тэр орчимд Зэвсэгт хүчний 065 дугаар анги байрлаж байв. Тухайн үед цэргийн алба хаагч офицер, ахлагч нарт зориулсан байр гэж тоосгон сууц ашиглалтад оруулж, нээлтэд нь Ж.Гүррагчаа тэргүүтэй БХЯ-ны удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Тэгвэл өдгөө тухайн орчимд 065 дугаар ангийн командын байр л байхаас бусад хэсэг нь суурьшлын бүс болж, Улаанбаатарын гэр хорооллын тоог нэмсэн айлууд тус ангийн эзэмшил газрыг байхгүй болгожээ.
Хэрэв чадал нь хүрвэл дээр дурдсан хоёр өндөр антенныг буулгаад газар дээр нь айлууд буух сонирхол бий л байх. Газраа “дээрэмдүүлсэн” 065 дугаар анги өдгөө хуучны 028 дугаар ангийн байршилд үйл ажиллагаа явуулж буй. Гэхдээ тус ангийн газраас бас л эрхтэн, дархтан нь авч хувийн зорилгодоо ашиглан хоёр давхар байшин барьж, зочид буудал, уушийн газар, хүнсний дэлгүүр ажиллуулах болсон. Түүний зэрэгцээ Баянзүрх дүүргийн нэг хороо ч дэргэд нь байраа барьчихсан байгаа билээ.
Уг нь 1994 оны долдугаар сарын 30-нд Батлан хамгаалахын болон Байгаль орчны сайдын хамтарсан 395/111 дүгээр тушаалын I хавсралтад “Цэргийн хүрээ, хотхон, анги, салбар, байгууллагын захирагч (дарга) нь өөрийн анги, байгууллагын эзэмшил газрыг Монгол Улсын хууль, тогтоомж, цэргийн дүрэм, зааварт заасан ёсоор зориулалтын дагуу ашиглана.
Цэргийн анги, байгууллагын эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах (нэмэх буюу багасгах), эзэмшлийг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргана. Эзэмшил газрыг өөр зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлага гарвал төрийн захиргааны төвийн болон нутгийн захиргааны холбогдох байгууллагууд Батлан хамгаалах яамтай хамтран саналаа боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байна.
Олгосон газрыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зөв зохистой эзэмших асуудлыг төрийн захиргааны төвийн болон нутгийн захиргааны холбогдох байгууллагын өмнө хариуцна” гэх зэрэг заалт оруулсан байдаг юм билээ. Гэвч үүнийг зөрчин газар олгосоор, зарим анги өөрийн эзэмшлийн газаргүй болсон гэхэд хилсдэхгүй.
ЗХЖШ-ын эзэмшлийн газарт өдгөө “Төгөл хус” гэх хотхон байгуулж, тухайн газарт байсан цэргийн холбооны утас, зангилааг өөр тийш нь шилжүүлсэн байдаг. Бас Зэвсэгт хүчний 032 дугаар анги хувь хүний эзэмшлийн газар дээр байрладаг гэх мэдээлэл ч байна. Тиймдээ ч тус ангийн эргэн тойронд шахаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компани, хувь хүн барилга барьж, үйл ажиллагаа явуулж буй гэнэ.
Эдгээр газрыг хэн гэдэг сайдын үед ямар хүнд олгосныг мэдэх хүн гарсангүй. Баянзүрх дүүргийн Газрын албаныхан “Тус ангийн газар хувь хүний эзэмшилд байдаг гэх яриа бий. Албан ёсны бичиг баримт байдаггүй нь их ээдрээтэй байдалд хүргэсэн” гэв. Хувь хүний эзэмшилд байдаг болохоороо ч тэр үү, 238 дугаар ангийг байрлалаас нь шилжүүлээд, өдгөө тус ангийнхны байрыг 032 дугаар ангиас тусгаарлан хашиж эхэлсэн сурагтай.
2006-2007 оны үед нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Таван шар орчимд, хуучин Барилгын цэргийн том нэгтгэл байсан газрын (одоо барилгын цэргийн 017 дугаар анги бий ч сайтар нягталж харахгүй бол олдохгүй) тал хэсэгт БХЯ-ныхан офицер, ахлагч нартаа орон сууц барьж өгөхөөр авч, шав тавьж ёслол үйлдсэн. Тэнд 320 айлын сууц барина гэж байв. Гэвч тэнд цэргийнхэн ороогүй. Учир нь алба хаагчдынхаа нэрийг барьж авсан газрын дарга нар нь худалдчихсан гэдэг.
Хэн, хэзээ, ямар компанид өгсөн талаар эх сурвалжууд “М.Сономпил сайдын үед л зарагдсан. Түүний үед олон ч байр байшин, тэр ч бүү хэл бүхэл бүтэн барилгын цэргийн анги үгүй болсон гэж яригддаг нь ортой шүү. Одоогийн ҮБХИС-ийн газраас түүний үед их хэмжээгээр авч, тойруулаад зочид буудал, машин худалдааны цэг, дугуй засвар гэх мэтээр барилга барьсан. Одоо ч барилгын ажил үргэлжилсээр байгаа.
Түүний дараа сайд болсон Ж.Батхуяг ч бас цэргийн ангийн газрыг нааш, цааш болгосон хүмүүсийн нэг гэж хэлж болно” гэв.
Ж.Батхуягийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед БХЯ-ны харьяанд байдаг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь газрыг тус яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын тушаалаар “Каркас” гэх компанид шилжүүлсэн аж. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар “Цутгамал” гэх компанид бас давхар олгочихож. Үүнээс улбаатай хоёр компанийн газрын маргааныг шүүх шийдвэрлэж байв. Түүнээс гадна Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн байршилд орон сууц барьсан нь өдгөө тэр ангийнхаа эзэмшилд байгаа, эсэх нь тодорхойгүй.
Батлан хамгаалахын сайд асан Л.Болдтой холбоотойгоор ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нэг сарын өмнө анхаарал татахуйц мэдэгдэл хийснийг уншигчид мэдэж буй. Түүний үгэн дунд “Молекул” гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах вэ” хэмээсэн билээ. Л.Болд сайдтай байнга холбогддог орон сууцны асуудал бол Цэргийн музейн дэргэд барьсан, хэзээ хойно хэл амтайхан ашиглалтад орсон 300 айлын орон сууц.
“Молекул” Б.Батбаярын хүү, Б.Баттулгын эзэмшлийн “ХөМоТэ” компанид барилга барих эрх олгож, АТГ-ынхан энэ асуудалд холбогдуулан БХЯ-ны удирдах албаны хэдэн хүнийг дээрх компанийн захиралтай нь хамт шалгаж, өдгөө таг чиг болоод байгаа. Дээрх байранд захиалга өгсөн офицер, ахлагч нар олон жил хүлээсний эцэст өөрсдөөсөө нэмж тус бүр таван сая төгрөг гаргаж, уурын зуух бариулан орон сууцаа ашиглалтад оруулсан юм.
ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ ГАЗРЫН НАЙМААНД БҮҮ ӨРТЧИХӨӨСЭЙ
Сайдаар ажиллаж байсан Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар барилгатай холбоотой ямар нэг хэл аманд ороогүй бололтой. Сайнаар ч, саараар ч ярих хүн алга. Ц.Шаравдорж бол бүр ч оролцоогүй. Ж.Энхбаяр “Ахлагч” хотхон бариулахаар болсон ч ажил хэрэг болсон нь үгүй. Харин Ц.Цолмон сайд Улаанбаатар хот орчмын цэргийн ангиудаар ороод “Энд чинь барилга барьчихмаар юм уу даа” гэж байсан тухай Б.Зориг гэх хүний ил захидалд дурдагдаж байв.
Ц.Цолмон 2015 оны дөрөвдүгээр сард тушаал гарган, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хашаанд “Цэрэг орд” нэртэй хотхон байгуулахаар болж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гаас барилгын төсөвт өртгийн 30 хувь буюу 960 сая төгрөг шилжүүлж, ажлыг нь эхлүүлэхээр тушаасан нь хуульд нийцээгүй гэж яамныхан нь хэлж байсан гэдэг. Улмаар 089, 350 дугаар ангийн байршилд барилга бариулахаар болсон нь өдгөө ч хэл ам дагуулсаар.
Хамгийн сүүлд Батлан хамгаалахын сайд болсон Н.Энхболд “Цэргийн орон сууц” хөтөлбөрийг 2017-2020 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт ажиллаж буй алба хаагчдын одоо амьдарч буй орон сууцанд судалгаа хийхэд хувийн эзэмшлийн орон сууцанд 17.1, анги, байгууллагын албан тушаалын орон сууцанд 17.7, галлагаатай хувийн байшинд 42.9, хөлсний байранд 13.3, хажуу өрөө хөлслөх, айлын хашаанд гэр барьж суугаа алба хаагч 8.9 хувийг эзэлж байгаа нь нийт бие бүрэлдэхүүний 65.2 хувь нь төвлөрсөн халаалттай орон сууцаар хангагдаагүй гэж дүгнэхэд хүргэжээ.
2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар тус салбарт ажиллаж буй 788 алба хаагч орон сууцаар хангуулах, эсвэл түүнд нэмэрлэх мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Мөн цэргийн тэтгэвэр, чөлөөндөө гарсан 853 хүн дээрх байдлаар хүсэлт гаргажээ. Энэ бүгдэд үндэслээд Н.Энхболд сайд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилсан гэнэ.
Мэдээж алба хаагчдынх нь нөхцөл байдалд тохируулаад анги, байгууллагынх нь газар дээр л барилга барих нь дамжиггүй. Ийнхүү хот орчмын цэргийн ангиудын газар “хумслуулсаар” байгаад жагсаалын талбай ч үгүй болчихоод, байлдааны бэлэн байдал зарласан, шаардлагатай үед зэвсэг техникээ гаргахад ч бэрхшээлтэй болчихоод байгааг бодолцох л ёстой болов уу. Тиймээс хот дотор байгаа цэргийн ангиудаа нийслэлээсээ бүрмөсөн гаргаад, тухайн орчмыг нь барилгажуулчихвал яасан юм бэ.
300 АЙЛЫН ОРОН СУУЦАНД АМЬДРАГЧДЫН ТАЛААС ИЛҮҮ НЬ ТҮРЭЭСЛЭГЧ ГЭВ
Цэргийн алба хаагчдад зориулан анги, байгууллагын газраас эмтлэн барьсан орон сууцнууд зорилтот бүлэгтээ хүрдэггүй байх магадлал дээрх тоон үзүүлэлтээс харагдана. 2008-2016 оны хооронд 1161 алба хаагч албан тушаалын орон сууцанд орсон гэх статистик байдаг юм билээ.
Үе үеийн сайд нарын хэрэгжүүлсэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд цэргийн алба хаагчдаас байртай болсон нь энэ. Зэвсэгт хүчний салбарт 2010, 2012 болон 2015, 2016 онд 63, 50, 300 айлын гээд нийт таван орон сууц ашиглалтад орсон бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын генерал, хурандаа нар эдгээрээс цөөнгүйг нь авчээ. Тэдний зарим нь хэд хэдэн байр, сууц, хаустай байсан гэдгийг БХЯ, ЗХЖШ-ынхан хэлдэг. Албан тушаалаа өөртөө ашигтайгаар урвуулан, өөрийн болон өөрт хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байр авсан үйлдлээ БХЯ, ЗХЖШ-ын генерал, офицерууд “Орон сууцны нөхцөлөө сайжруулсан” гэж тайлбарладаг гэсэн.
Үнэндээ тэд тийм хүнд нөхцөл буюу гэрт, шавар байшинд нүүрс түлж, эсвэл бусдын байр түрээслэн амьдарч байсан уу гэвэл үгүй. “БХЯ-ны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр л гэхэд Жуковын музейн баруун талын “Жоби-72”-ын ард 2010 ашиглалтад орсон БХЯ-ны 48 айлын орон сууцнаас хөнгөлөлттэй үнээр авчихаад дамлан зарсан. Дараа нь тэрбээр 2015 онд ашиглалтад орсон, Улаанхуаран дахь 63 айлын байрнаас дахиж авсан” гэж БХЯ, ЗХЖШ-ын олон офицер ярьж байхыг сонсов. Энэ мэтээр тус яам, ЗХЖШ-ын олон генерал, офицеруудын нэр дуулддаг. Бүр жагсаалт гаргаад цагдаа, АТГ-т шалгуулахаар хэсэг алба хаагч хандсан гэх юм билээ.
Өөрийн гэсэн орон сууцтай хэрнээ дахин байр авч дээрх байрнуудад бусдад түрээслэн ашиг олж байгаа, эсвэл өмнө сууж байсан байраа дээрх орон сууцнуудад орсныхоо дараа үр хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж, огт “орон сууцгүй” хүн болж “жүжиглэдэг”-ийг офицер, ахлагч нар мэдэж байгаа ч нүдэн балай, чихэн дүлий суусаар.
Тухайлбал, 300 айлын орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн дунд судалгаа хийхэд 170 орчим нь түрээсэлсэн, цэргийн бус, энгийн хүмүүс амьдарч байгаа гэнэ. Тэгээд БХЯ-наас шалгалт очихоор хаалгаа түгжээд алга болдог, эсвэл түрээслэгч эзэд болсон офицеруудынх нь нэрийг хэлээд өнгөрдөг юм байна. Үүнээс үзэхэд цэргийн алба хаагчдад зориулсан орон сууц зорилтот бүлэгтээ хүрдэггүй бололтой.