
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилготой Авто худалдааны цогцолборыг байгуулсан байдаг. Импортын автомашины бүртгэл төвлөрсөн нэг л газар байх ёстой.
Гэвч Улаанбаатар хотод ил задгай зориулалтын бус газарт авто машины худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэн аж ахуй нэгжийг хууль бус үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мэргэжлийн хяналт газрын албанаас удаа дараа шаардах мэдэгдэх хуудас хүргүүлсээр байгаа гэнэ.
Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийг эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн П.Бадрал хэвлэлд мэдээллэхдээ:
2016 оны 9 дүгээр сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга Авто худалдааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх даалгавар өгч ажил урагштай явж байна. Засаг даргын шийдвэрийн дагуу Авто худалдааны цогцолборт импортын автомашины бичиг баримтын бүртгэлийг төвлөрүүлж, гаалийн нэг цэгийн үйлчилгээг бий болгохоор ажиллаж байгаа нь автомашины импортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд бидний ажлыг хөнгөлөх алхмууд хийгдэж байна. Нийслэлийн зүгээс Авто худалдааны цогцолборын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлан, төвийн дулаанаар хангах төсөв Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан байгаа гэх мэт олон ажлууд өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийгдлээ. Нийслэлийн зүгээс бодит ажлуудыг хийж байгаа нь автомашины импорт, худалдааны үйл ажиллагаа явуулдаг бидний хувьд энэхүү байгууллагын үйл ажиллагаа тогтвортой явах юм байна гэсэн итгэл бидэнд өгч болон иргэд аж ахуйн нэгжүүд зай талбай худалдан авч, энэ төв дээр бизнес хийхээр төлөвлөн, хөрөнгө оруулалтаа хийгээд байна.
Гэвч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны жижиг төвүүд одоог хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, тухайн төвүүд дээр үйл ажиллагаагаа явуулж буй худалдаа эрхлэгч нарт тал бүрээр нөлөөлөн Авто худалдааны цогцолборын талаар худал мэдээлэл тарааж байна.
Жишээ нь:
Бидний хэлдгээр 1000 машин буюу Даяар Хас ХХК нь Улаанбаатар төмөр замтай газар түрээслэх гэрээ хийж үйл ажиллагаа явуулж байсан ч гэрээний хугацаа 2016 онд дуусгавар болсон гэрээг сунгаагүй мөн шүүхийн шийдвэрээр Улаанбаатар төмөр замын газрыг чөлөөлөх 2 жилийн түрээсийн төлбөрийг нөхөн төлүүлэх гэх зэрэг шийдвэр гарсан байдаг.
Гэвч одоог хүртэл 1000 машин буюу Даяар Хас ХХК нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь сонин байна. Улаанбаатар төмөр зам нь уг өөрийн мэдлийн газрыг гарсан зураг төслийнхөө дагуу төмөр замын төв буудлын авто машины өргөтгөсөн стандартын зогсоол барьж ашиглах үүрэг хүлээж нийслэлээс тухайн газрыг шийдвэрлүүлж авсан. Одоо ажил хаанаа гацаад байгааг бид ойлгохгүй байна. Үүнээс илүү ойлгомжтой шийдвэр байхгүй.
Улаанбаатар төмөр зам өөрийн мэдлийн газартаа эзэн болж шүүхийн шийдвэрийг хүндэтгэн 1000 машин гэх газрыг даруй хааж төрөө иргэдээ хүндэлж ажиллахыг шаардаж байна.
Нийслэлийн иргэд авто худалдааны үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж, нэгдсэн зохион байгуулалтад орох нь зөв иргэд ч үзэж байна. Харин Авто худалдааны бизнес эрхлэгч бид нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах шаардлага тулгараад байгаа юм.
Мөн Нийслэлийн зүгээс хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээнд бусад төрийн байгууллагууд анхаарлаа хандуулж, дэмжиж өгөөч ээ гэж хүсмээр байна.
Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан иргэд аж ахуйн нэгж байгууллагууд төрдөө итгэж маш хүлээцтэйгээр өдийг хүртэл тэвчиж ирсэн гэдгийг зориуд дурдмаар байна. Анх хөрөнгө оруулалт босгож байх үедээ хууль бус бүх газар хаагдана хэн түрүүлж хөдөлсөн нь хожно гэж төр сурталчилгаа хийсэн бид ч итгэсэн. Хуулиа дээдэлж нийгмээ хүндэлмээр байна.