
“Өнөөдөр”-ийн “бүтээгдэхүүн”, БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн маань БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалагтай хамтран “Гайхамшигт ой” нэртэй номоо хэвлүүлжээ. Байгаль орчны яамны 30 жилийн ойд зориулан бүтээсэн энэхүү номынхоо нээлтийг өчигдөр “Туушин” зочид буудалд хийсэн юм. Монгол орны ойн тухай танин мэдэхүйн “Гайхамшигт ой” номынхоо өмнөтгөлд тэрбээр “...Ой шиг том хана хаалт, гэр орон, хоол тэжээлийн асар их нөөц цэнхэр гаригт өөр хаана ч алга.
Энэ ч утгаараа эрт үеэс ой нь хүн төрөлхтний найдвартай хоргодох газар нь болж байв. Ойн амьдрал, ойн био ертөнц бүхэлдээ бие биенээсээ хамааралтай байдаг. Төрөл бүрийн модод, шувуу, хэрэм, мэрэгчид, үй түмэн шавьжны гэр орон нь, хатаж унасан мод хүртэл зарим амьтны хоргодох газар, хоол тэжээл нь болно. Угтаа амьтай бүхний амьдралын төлөөх тэмцэл, экосистемийн бат бөх гинжин хэлхээг бид ойгоос л тольдон харж болно” хэмээн бичжээ. Зохиогчдоос гадна номын өмнөтгөлд үгэн хадаг өргөсөн нэгэн содон эрхэм байсан нь Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр юм.
Булган хангайн бахархалт хүү тэрбээр ойн амьтны тархац, тоо толгой хүний нөлөөнөөс шалтгаалан цөөрч, ойгоос тал руугаа дайжин дүрвэж буйд харамсаж яваагаа илэрхийлсэн төдийгүй хайрлаж хамгаалах нь чухлыг ард түмэндээ уриалсан байв. Номын нээлтийн үеэр Ц.Цэвээнхэрлэн “Монгол орны ойн тухай танин мэдэхүйн энэ номоо бүх насныханд зориулсан. Ойн салбарын эрдэмтэн, судлаачдын хийсэн маш олон судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлуудаас энэ номдоо багцалж оруулсан. Үүнд маш их хугацаа зарцууллаа. Тун удахгүй энэ бүтээлээ монгол, англи хэлээр сонсдог ном болгон хэвлүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.
Монгол орны гайхамшигт ойн тухай ар араасаа хөврөх олон асуултын хариуг энэхүү номноос үзэх боломжтой. Тухайлбал, хөшиг нээхүйд, дэлхийн үнэлэмж, баялаг дагасан бизнес, ойн савдгууд, завгүй ой, ногоон худалдаа, доройтол бас сүйтгэл, уур амьсгалын өөрчлөлт, нэг мод, нэг амьдрал гэсэн есөн дэд бүлгийн гарчгаас харахад л ойн талаар “А-Я” хүртэл бүх мэдээллийг уг номд багтаажээ гэж дүгнэж болохоор байна. “Гайхамшигт ой” номыг хэвлүүлэхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Ойн төсөл”-ийнхөн бүх талаар ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн ажээ.