
Дархан хотын бохир ус цэвэрлэх хүчин чадлын өдрийн хэвийн үеийн ачаалал нь 16,000 шоо метр бохир ус ариутгах ба оргил ачаалал нь өдрийн 24,000 шоо метр байдаг.
Тэгвэл цэвэрлэх байгууламжийг барих ажлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 7.4 км урт бохир усны шугам хоолойг шинэчлэхээр болжээ. Олон улсын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
Энэ талаар Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах" төслийн нийт өртөг 20.68 сая ам.доллар бөгөөд үүний 10 гаруй хувийг Монгол Улсын Засгийн газар, 90 орчим хувийг АХБ-ны зээл тусламжаар санхүүжүүлж байгаа.
Төслийн хүрээнд одоо ашиглагдаж буй 2, ашиглалтгүй байгаа 1 насос станцыг бүрэн шинэчилж тоноглосноор цэвэрлэх байгууламжид төвлөрөх бохир усны цуглуулалтыг ихэсгэж эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх боломжийг бий болгоно.
Төсөл хэрэгжсэнээр цэвэрлэх байгууламжийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлт стандартын шаардлагад хүрнэ. Хөрс болон агаараар дамжин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө 2016 онтой харьцуулахад 24.5 хувиар буурах юм. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа сайжирч хоногийн бодит хүчин чадал 2025 он гэхэд 2.5 дахин нэмэгдэнэ.
Цаашдаа нийт 10 аймагт цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг Хятадын 370 сая ам.долларын тусламжтайгаар барьж байгуулахаар болсон байгаа" гэв.
Төслийг хэрэгжүүлэгч талын төлөөлөл "Лодвит Пфайфер" компанийн ахлах инженер Илья Светиканин "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах" төсөл бол манай компанийн хувьд Монголд хэрэгжүүлж байгаа анхны төсөл.
Лагыг бордоо хэлбэрээр ашиглах, газар тариалангийн асуудлыг бид судалж байгаа. Герман улс технологийн шийдлээрээ дэлхийд тэргүүлдэг учраас бид Германы бүх технологиудаа энэхүү төсөлдөө ашиглана" гэлээ.
Төслийн үр дүнд орчин үеийн үйлдвэрийн бүтээж өндөртэй, эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх процесс болох биофильмт технологи буюу идэвхжүүлсэн лаг ашиглах шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох бөгөөд нийт барилга байгууламж болон тоног төхөөрөмжийг шинээр барьж суурилуулж тоноглох ажээ.