
Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулж жилийн турш үргэлжилсэн 2017 оны сүүлчийн "King of the bowling team" гурвалсан багийн тэмцээн 12-р сарын 24-нд боллоо.
Багууд урьдчилсан шатанд 8 тоглолт гүйцэтгээд хамгийн өндөр оноо авсан эхний 4 баг цааш өрсөлдөж аваргаа тодруулсан юм. Нэгээр шалгарсан баг 4-р байранд орж, дөрвөөр гарсан баг нь аваргын цом, медаль хүртэж, хааны титэм болон нөмрөгийг нь өмслөө. Тус тэмцээний онцлог нь тамирчид өөрсдөө багаа бүрдүүлдэг учраас маш өрсөлдөөнтэй болдог.
Тэмцээний аваргаар Э.Харцага ахлагчтай Т.Нансалмаа, Д.Амьбөх нарын баг тодорч, мөнгөн медалийг Д.Нацагдорж ахлагчтай Ю.Ганболд, Ж.Содномдорж нарын баг, хүрэл медалийг Д.Чулуунбаатар ахлагчтай Г.Шинэбаяр, Ц.Молор нарын баг хүртсэн юм.
Холбооноос зохион байгуулсан сүүлийн тэмцээнүүдийн бүх медалийг ивээн тэтгэсэн АНУ-ын Вашингтон DC хотын боулингийн клубын тэргүүн Б.Батбаяр, гэргий П.Байгаль нар King of the bowling team -ийн гоёмсог ховор нандин медалиудыг ч мөн Эрх чөлөөний орноос явуулсан билээ.


