
МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар өчигдөр 50 дахь хөлгөө техник үйлчилгээнээс гаргалаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир “Бид Иргэний нисэхийн ерөнхий газар, Европын холбооны Иргэний агаарын тээврийн байгууллага, БНСУ, Тайландын вант улс, далайн чанад дахь Бермудын арал, Турк зэрэг улсын Иргэний нисэхийн удирдах газартай гэрээ байгуулан ажиллаж байна.
Агаарын хөлөг болон түүний эд ангийн засвар, үйлчилгээ эрхэлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол дахь анхны бөгөөд цорын ганц байгууллага, мөн олон улсын чанарын удирдлагын MNS ISO 9001:2001 стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлж, Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан иргэний нисэхийн салбарын анхны байгууллага боллоо” хэмээн онцлов.
.jpg)
Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрынхан 2013 онд анх Тайландын вант улсын “Orient Thai” компанийн “Боинг 767-300” агаарын хөлгийн RB211-524 загварын хөдөлгүүрийг сольжээ. Харин 2014 оноос гадаадын агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээ хийж эхэлсэн байна. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд гадаадын агаарын тээврийн найман компанийн “Боинг 737” болон 767 загварын хөлөгт нийт 50 удаа хүнд хэлбэрийн техник үйлчилгээг эх орондоо үзүүлээд буй аж.
МИАТ ТӨХК-ийн Нислэг, техникийн үйл ажиллагааны газрын захирал Н.Ганболд “Монгол Улсад тогтмол нислэг үйлддэг ОХУ-ын “Аэрофлот”, БНХАУ-ын “Эйр Чайна”, БНСУ-ын “Кореан эйр”, Туркийн “Туркиш эйрлайнс” зэрэг агаарын тээвэрлэгчийн хөлгүүдэд шугамын техник үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна Тайландын “Orient Thai”, “Jet Asia airways”, “Asia Atlantic airways”, БНСУ-ын “Easter jet”, “Jeju air”, “T way”, ОХУ-ын “Alrosa” зэрэг агаарын тээвэрлэгчийн хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээ хийж байна.
Зөвхөн энэ онд гэхэд 23 хөлөгт ийм төрлийн үйлчилгээ үзүүлсэн. Манайх жилд 28 хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Ирэх онд бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр компанийн нислэгийн бус үйл ажиллагааны орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг ахиулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах зэрэг давуу талтай” гэлээ.
Бүс нутгийн судалгаагаар зорилтот зах зээлийн хүрээнд нийт 1500 гаруй “Аэробус 320” агаарын хөлөг ашиглагдаж буй гэсэн тоо бий аж. Уг судалгаанд үндэслэн 2020 он гэхэд зах зээлийн хамрах хүрээгээ МИАТ хоёр дахин тэлэхээр төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, энэ сарын эхэнд Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын таван хүний бүрэлдэхүүнтэй инженер техникчид АНУ-ын Майами хотод “International dynamic aviation” компанийн В767-300 загварын агаарын хөлгийн RB211-524 хөдөлгүүр солих ажлыг амжилттай гүйцэтгэсэн гэнэ.
Энэ талаар Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш “Анх удаа хилийн чанадад засвар, үйлчилгээг гэрээт хугацаанд үзүүллээ. Монгол инженерийн мэдлэг боловсрол, ур чадварыг олон улсад таниулж, эх орныхоо нэрийг гаргасан сайхан үйл явдал болов. Цаашид БНХАУ, Япон зэрэг олон хэрэглэгчтэй зах зээлд нэвтрэх, байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, шинэ түвшинд гаргах зорилгоор засварын цехүүдийн үйл ажиллагааг тэлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, өргөн хэрэглээний эд ангиудыг үйлдвэрлэдэг болохоор зорьж байна” хэмээсэн юм.


