
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ оны гуравдугаар сарын 4-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай Астана хотноо уулзаж, хоёр талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Манай талаас Казахстан улсад өвлийн спортын төрлөөр хоёр орны баг тамирчдыг хамтарсан бэлтгэл сургуулилт хийх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж, Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга С.Сапиевыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.
Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиев Монголын тамирчид тив дэлхийд өндөр чансаатай, тухайлбал жудо, бокс, буудлагын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх, дасгалжуулагч хамтран бэлтгэх саналтай байгаагаа илэрхийлж, тэрбээр саяхан Монголын Үндэсний Олимпын хорооны одонгоор шагнагдсандаа баяртай байгаа талаараа дурьдав.
Уулзалтын дараа Монгол, Казахстаны Биеийн тамир, спортын газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.