
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлж, улмаар их хэмжээний өрөнд оруулсан хэрэгт Ш.Батхүүгээс гадна дээрх үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат, “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нарыг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн юм.
Дээрх шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат даргалан явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 20.00 цагийн үед дуусаж, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ. Эх сурвалжуудаас авсан хэргийн нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүгч дүгнэсэн аж.
Шүүхүүдэд АТГ-ын мөрдөн шалгасан хэргүүдийг шийдвэрлэхгүй буцаах чиглэл өгсөн гэх мэдээлэл хуульчдын дунд ам дамжин яригдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор үл ялих шалтгаар хэргийг прокурорт буцаасан байж болзошгүй гэх мэдээлэл байна.