Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд уржигдар албадан ирүүлж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан билээ.
Улмаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдрийн 00.10 цагийн үед ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж, саатуулсан юм. Дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, мөрдөгчид Үндсэн хууль зөрчиж албадан саатуулсан хэмээн гомдол гаргасан юм.
Тус шүүхийн шүүгч Х.Идэр тэдний гомдол, прокурор, мөрдөгчдийн санал, тогтоол зэрэг бичиг баримтууд болон прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Улмаар дээрх хүмүүсийг нэн даруй суллахаар шийдвэрлэв. Мөрдөгчийн тогтоол хууль зөрчсөн гэж үзсэн ч цаашид дээрх хүмүүсийг яллагдагчаар тооцон цагдан хорих асуудлыг шүүхэд гаргах эрх нь прокурор, мөрдөгчдөд нээлттэй юм байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахдаа мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон Худалдаа хөгжлийн банкны болон “Монголын зэс корпорац”-ын удирдлагыг цагдан хорих санал прокурорт хүргүүлэхдээ нэмж, “Канетик” ХХК-ийн захирал Г.Хүрэлбаатарыг баривчлахаар болсон. Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатын хүү тэрбээр “Монголын зэс корпорац”-ыг анх “Жумейра” нэртэйгээр дээрх банкныхан байгуулахад захирал, үүсгэн байгуулагчаар нь ажиллаж байсан нэгэн.
Дээрх хувьцааг худалдан авсан асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалсан зээлийн гэрээнд “Жумейра” компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж, авсан зээлээ “Монголын зэс корпорац”-д шилжүүлсэн” хэмээн дүгнэсэн байдаг билээ.