
Дэлхий дахинаа гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон судалгааг НҮБ-аас гаргасан байдаг. Иймд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр бол эмэгтэйчүүд өмнөө тулгарч буй асуудлаа ярилцах, нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэх тэмцлийн өдөр юм. Тиймээс ч энэ өдрийг олон оронд тайван жагсаал цуглаан хийх, уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Үүний нэг томоохон хэлбэр болох дэлхийн 70 гаруй оронд зохион байгуулагддаг “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо 5 дах жилдээ “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” нэрийн дор зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлын талаар хөндөж, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх, уриалах зорилготой байв.
Тайван жагсаал 11.00 цагаас МЗХ-ны төв байрнаас эхэлж, Энхтайвны гүүр-МЗХ-ны төв байр гэсэн маршрутаар өрнөлөө.






