
Сүүлийн таван сард Индонез болон Этиопод болсон ослын улмаас МИАТ компани Boeing 737 Max загварын онгоцнуудынхаа нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц өчигдөр осолдож 157 хүний амь үрэгджээ. Түүнчлэн өнгөрсөн оны аравдугаар сард Lion Air компанийн энэ төрлийн онгоц Индонезийн нийслэлээс хөөрөөд удалгүй осолдож 189 хүн амиа алдсан билээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан Хятадын иргэний агаарын тээврийн газраас Boeing 737 Max загварын онгоцнуудынхаа нислэгийг зогсоожээ.
Тэгвэл манай улсын МИАТ компани энэ төрлийн гурван онгоц түрээслэж байгаа бөгөөд ирэх тав болон 11 дүгээр сард дахин шинээр түрээслэх төлөвлөгөөтэй байжээ. Дээрх асуудалтай холбогдуулан МИАТ компаниас Boeing компанид асуулга хүргүүлсэн бөгөөд одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Юутай ч Индонезид болсон ослын шалтгаан тодорхой болох хүртэл Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг түр зогсоож буй тухай МИАТ компаниас албан ёсны эх сурвалжид мэдээлжээ.