
Хэдэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн ХI хороонд "UMMP" ХХК нь Монгол ааруулыг нохойны хоол болгон үйлдвэрлэж, олон улсад худалдаалж байсан тухай мэдээлэл цахим орчинд шуугиан дэгдээсэн билээ. Түүнчлэн тус компани нь олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ мөнгөн аяганд хийж тавьсан байв. Дээрх мэдээллээс үүдэн ард иргэд цахим орчноор дамжуулан дургүйцсэн байдлаа илэрхийлж байсан юм. Энэ талаар бид МХЕГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Балжиннямаас тодрууллаа.
Тэрбээр "UMMP компани нь БНСУ-д нохой муурны бэлэн хоол экспортлох зөвшөөрөл бүхий "Хорио цээрийн гэрчилгээ" тус улстай тохирчихсон байгаа. БНСУ-аас тус компаний үйлдвэрийн байранд хүрэлцэн ирж, бараа бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд тус бүтээгдэхүүн нь шаардлага хангаж буй нь тогтоогдсон. Иймд БНСУ руу экспортлогдоод гарч байгаа зүйл" гэлээ.
Юутай ч "UMMP" ХХК нь хуулийн дагуу зохиогчийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.