
Дэлхийн хүн амын тоо 2050 он гэхэд 9,7 тэрбумд хүрч, ХХ1 зууны сүүлч гэхэд 11 тэрбум болно гэж НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн комисс илтгэжээ. Одоогийн байдлаар манай цэнхэр гаригийн хүн амын тоо 7,7 тэрбум байгаа бөгөөд 2050 он хүртэлх өсөлт Сахарын цөлийн өмнөд хэсгийн Африкийн орнууд, Дундад болон Өмнөд Азийн улс орнууд хамрагдах ажээ. Харин Латин Америк,Хойд Америк, Европын орнуудад хүн амын өсөлт ихээр өсөхгүй юм байна. Дэлхийн хүн амын тоо тасралтгүй өсөхийн зэрэгцээ дундаж наслалт мөн л өсөж 2050 он хүртэл 65 наснаас дээш хүн амын тоо хоёр дахин өсөх гэнэ. Илтгэлд дурдсанаар 2050 он гэхэд хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдардаг болох аж. Хүн амын өсөлт нягтаршил, түүнийг дагасан их хөгжил цэцэглэлт нь байгалийн нөөц, экосистемд маш их хохирол учруулна хэмээн тайланд бичсэн байна.