
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан "Эко алтан заамар" ХХК-ийн уурхайд осол гарч дөрвөн хүн амь насаа алдсан билээ. Тэгвэл уг осолтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу МХЕГ-аас ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор уул уурхайн компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дүнг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан танилцууллаа.
МХЕГ-ын дэд даргаар ахлуулсан комисс 1751 тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдэд хяналт шалгалт хийжээ. Үүний
- 561 нь үйл ажиллагаагаа эхлээгүй,
- 908 нь огт үйл ажиллагаа явуулаагүй,
- 123 нь үйл ажиллагаа явуулж байгаа,
- 159 нь бэлтгэл ажлаа хийж буй аж ахуй нэгжүүд байна.
Хяналт шалгалтын хүрээнд нийтдээ 29 уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн 79 ААН-д албан шаардлага, 301 зөвлөмж хүргүүлэв. Түүнчлэн зургаан хэрэг үүсгэж, нийт 224 сая төгрөгийн торгууль тавьж, 291.2 грамм алт хураан авчээ.