
Суссекийн гүн болон гүнгийн ахайтан нарын нийгмийн сүлжээн дэх албан ёсны “Инстаграм” маш богино хугацаанд сая гаруй дагагчтай болжээ. Энэ үзүүлэлтийг Гиннесийн номд тэмдэглэсэн байна. Тухайлбал, эхнэр нөхөр хоёр өөрсдийн инстаграм хаягаа өнгөрсөн мягмар гарагт нээсэн бол ердөө таван цаг 45 минутын дараа сая гаруй хүн дагасан аж. Өмнө нь дуучин Кан Даниэль “инстаграм” хаягийн дагагчаараа тэргүүлж байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард түүний дагагчийн тоо 11 цаг 36 минутын дотор саяд хүрсэн байна. Түүнээс өмнө Ромын хамба лам Францискийн цахим хаяг 12 цагийн дотор сая гаруй дагагчтай болж байжээ.
Мөн хөлбөмбөгч Дэвид Бэкхэм 25 цагийн дотор өдий зэргийн дагачтай болж байсан удаатай. Одоогийн байдлаар хунтайж Гарри болон гүнгийн ахайтан Меган нарын дагагчийн тоо 2,5 саяд хүрчээ. Эхнэр, нөхөр хоёрын инстаграм хуудсанд тэдний айлчлал, аяллын үеэр авахуулсан есөн зурагтай ганцхан пост нийтлэгдсэн байв. “Бидний албан ёсны “инстаграм”-д тавтай морилно уу. Бид энэ хуудсаараа та бүхэнтэй өөрсдийн хийж буй ажил, дэмжиж буй төсөл, чухал мэдэгдэл, мэдээллийг хуваалцахаар төлөвлөж байна. Биднийг дэмжсэнд та бүхэнд талархая. @sussexroyl хуудсанд тавтай морил” гэж тэрхүү постод бичжээ.
