
Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нар "Стандарт" банкны асуудлаар мэдээлэл хийлээ.
"Анх Жаст группын Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээлийг авсан. Ингээд үүнийгээ хугацаандаа төлж чадаагүй учраас Стандарт банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд энэ асуудлаар хандсан.
Стандарт" банкнаас 86.95 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн.
"Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, мөн гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан.
Өнөөдийн байдлаар 40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас шилжүүлсэн. Нөгөө тал төлбөрийг хүлээн авснаа бичгээр мэдэгдсэн. Тэгэхээр одоо буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, улсад учирсан хохирлыг төлүүлнэ.