
БНСУ-ын “Ханжин” группийн Ерөнхийлөгч мөн тус улсын хамгийн том агаарын тээвэрлэгч “Korean Air” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хо 70 насандаа таалал төгсжээ. Тэрээр уушигны хүнд өвчтэй байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш Лос Анжелес хотод эмчлүүлж байжээ. Хэдхэн хоногийн өмнө “Korean Air” компанийн ТУЗ Чо Ян Хог тус зөвлөлөөс чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Саяхнаас түүний татвараас зайлсхийж, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан хэргүүд илэрч, мөн гэр бүлийн гишүүд нь ёс зүйгүй ааш авир гаргасан дуулианууд түүнийг огцроход нөлөөлсөн гэж үзэж байна. Тэрээр 1974 онд “Korean Air” компанид ажиллаж эхэлсэн ба 1999 онд тус компанийн ерөнхийлөгч болон дэвшжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2003 онд толгой компани болох “Ханжин” группийн ерөнхийлөгчийн суудалд суусан аж. “Ханжин” группийг түүний эцэг Чо Чун Хон үүсгэн байгуулсан байна. Түүнийг Монгол Улсын засгийн газар “Алтан гадас” одонгоор шагнаж байжээ.