
Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 100 дахь өдөр бөгөөд он дуусахад 265 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баяжих гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2635.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 392.50, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас Монголбанкны гадна талбайд Хохирогчдын нэгдсэн холбоо, Капитал банканд 20 саяас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн удирдлагуудын албан тушаалын хэрэг, хууль бус зөрчлийн талаар мэдээлэл хийж, дараа нь АТГ-т очиж шалгуулах хүсэлтээ өгнө.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадад зориулагдсан цогц үйлчилгээтэй анхны асрах төвийн асрамжийн газрыг барих хандивын үйл ажиллагаа эхэлж байгаа талаар “Итгэлт өргөө” төслийн багийнхан мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн танхимд 2019 оны 1 дүгээр улиралд Нийслэл хотод үйлдэгдсэн хүнд гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Sergelen international expedition” төрийн бус байгууллагаас 1000 жил тайлаагүй Түрэг бичээс нь Монгол бичээс байсныг баталсан талаар мэдээлэл хийнэ.
- 14.00 цагаас Монголын хүүхдийн урлан бүтээх төвд “Орд” галерейд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарын "ШИНЭЛЭГ САНАА" уран бүтээлийн наадам болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Олон улсын ах дүүсийн өдөр
- 2010 онд ОХУ-ын Смоленкс хотын ойролцоо Польшийн агаарын тээврийн "Ту-154М" онгоц осолдож, 96 хүн амиа алдсаны дотор Польшийн Ерөнхийлөгч Лех Кашинский болон түүний эхнэр, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд багтсан байна.
- 2009 онд Фижи арлын ерөнхийлөгч Рату Хосефа Иллойо үндсэн хуулиас үүдэн улс эх оронд нь засаглалын хямрал нүүрлэснийг зарлав.
- 1972 онд Хятадын Шандонг мужид барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан ажилжид хулсаар хучсан авс бүхий хоёр оршуулгийг илрүүлжээ. Эрдэм шинжилгээний ажилчид судалгаа хийсний дүнд "Дайтах урлаг" номыг зохиогч Сун Цзы, Сун Бин нарын оршуулга болохыг тогтоосон юм.
- 1970 онд Хөгжмийн урлагийн алдарт "Бийтлз" хамтлагийн гоцлол дуучин Пол МакКартни хамтлагаасаа гарч, хувийн замналаа үргэлжлүүлэх болсоноо зарлав.
- 1957 онд гурван сарын турш хаалгаа бариад байсан Суецын суваг эргэн нээгджээ.
- 1925 онд алдарт зохиолч Ф.Скотт Фицжеральдын "Аугаа Гецби" зохиол анх удаагаа хэвлэгдэв.