
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан байдаг ба “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслөөр дэд төвүүдийг бий болгох суурийг хэрэгжүүлдэг юм.
Төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх ба одоогоор төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70 хувьтай хэрэгжиж байна.
Мөн Баянхошуу дэд төвийн хүрээнд барьж ашиглалтад оруулсан бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга, үйл ажиллагаа явуулах сургалт, иргэдийн мэдээллийн төв болон нэг цэгийн үйлчилгээний анги танхимыг үзэж, танилцлаа. Баянхошуу дэд төв нь төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсоноор сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон шугамын дагуу байрлах Хилчин хорооллыг эхний ээлжинд холбох юм. Ингэснээр нийт 7 ширхэг уурын зуухыг буулгах ба энэ нь жилдээ 10 мянган тонн буюу 6830 портер нүүрс түлэхгүй байх бодит боломж бүрдэх юм.

Түүнчлэн энэ төвд “Иргэд бизнес төлөвлөгөө бичих, хэрхэн банкнаас зээл авах зэрэг сургалтанд хамрагдахын зэрэгцээ Герман Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад нэг сая еврогийн үнэ бүхий, 5000 мэргэшсэн ажилтан бэлтгэх туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Туссургалтын төв нь ойр орчмын хороодын ажилгүй иргэд гагнуурчин, цахилгаанчин зэрэг мэргэжлээр сурч, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад дадлагжих боломжтой” хэмээн төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцууллаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилгын, бүтээн байгуулалтын улирал богино тул төслийн ажлыг хурдацтай хэрэгжүүлэхэд холбогдох газруудыг дэмжиж ажиллах үүрэг болгов. Түүнчлэн иргэд, оршин суугчид, ААН-үүд уг төслийн бүтээн байгуулалтын ажил, газар чөлөөлөлт, дэд бүтцэд холбогдож амьдрах орчноо сайжруулах үйлсэд идэвхи санаачлагатай оролцохыг уриалав