
“Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
"Зүүнбаян рэйфанери" компанийн захирал О.Сайнбаяр "Энэ газрыг зарим хүмүүс хэвлэл мэдээллээр Ванга аятай яриад байгаа учраас мэдээлэл хийхээр шийдлээ. "Зүүнбаян рэйфанери" компани энэ газрыг 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 743 дугаар тоот гэрчилгээгээр БОАЖЯ-аас авсан. Тухайн үед энэ газрыг гэр амралтын аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж байсан юм билээ. Бид 2013 оноос төслөө хэрэгжүүлэх үүднээс энэ газрыг нэлээн судалж, ашиглахаар шийдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид "Их тэнгэр аялал жуулчлалын цогцолбор" барихын тулд их хэмжээний хөрөнгө зарсан. Худалдаж авснаас хойш яг л зориулалтынх дагуу Хот төлөвлөлтийн ерөнхий газраас өгсөн "А даалгавар" гэдэг зүйлийг нь мөрдөж, техникийн нөхцөл болон бусад зургийг нь аваад батлуулаад, зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Огт зөвшөөрөлгүйгээр гэнэт байшин барилга барьсан явдал байхгүй. Мэдээж тодорхой хэмжээнд судалгаагаа сайн хийгээд үйл ажиллагаагаа эхлүүсэн учраас одоо нүүр бардам хэлж байна.
2017 оны 6 сарын 20-ны өдрийн А/177 дугаар тоот тушаалаар тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол манай газрын зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл бидэнд тушаал нь ирээгүй. "Цуцалсан бол албан ёсны шийдвэрээ өгөөч" гээд би гутлынхаа улыг илэгдтэл БОАЖЯ-аар явсан. Ингэж явж байж 2018 оны 5 сарын 8-ны өдөр би тус тушаалыг олж авсан юм. Тэгээд 5 сарын 21-ны өдөр би Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Иймд бид эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Тэрнээс хойш одоог хүртэл шүүхийн үйл ажиллагаа ном журмаараа явагдаж байгаа. БОАЖЯ-наас цагдаагийн байгууллагад биднийг өгч хэрэг үүсгүүлж, шалгуулж эхэлсэн.

Одоо бид цагдаагаар шалгагдаад, шүүх дээр заргалдаад явж байхад гадуур улс төрчид бидний үйл ажиллагааг харлуулах, зогсоох, саатуулах явдал хэрээс хэтэрлээ. Үйл ажиллагаа явагдаад, цемент цутгаад байгаа мэтээр улс төрчид хэвлэл мэдээллээр шоу хийгээд байгаа хөгийн зүйл дэндлээ.
Бид чинь Монгол Улсын иргэн. Би ганцаараа энэ олон тэрбум төгрөгийг гаргаад байгаа юм биш. Маш олон залуус сэтгэлээрээ хамтраад, зорьсон зорилгоороо дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалт явуулхаар нэгдсэн. Бидний хувьд нэлээн олон жилийн хугацаанд хоорондоо ярьж, хөөрж энэ төслийг анх эхлүүлсэн юм. Энэ газар дээр анх очиж эзнийг нь олж уулзтал эзэмшигч нь "Зүүнбаян рэйфанери" компанийг үүсгэн байгуулагч н.Уламбаяр болж таарсан. Тэр хүн миний ахын цэргийн найз байсан юм билээ. Би ахаараа дамжуулан энэ хүнтэй уулзаж төслөө танилцуулсан. Гэтэл тусгай хамгаалалттай газар учраас өөр компани руу газар нь шилждэггүй юм билээ. Тэгээд бид тус компанийн нэр дээр газрыг ашиглахаар болсон.
Энэ газрыг сонгож, компанийх нь нэрийг ашиглаж явснаараа одоо хотын дарга С.Амарсайхантай холбогдож байгаа юм. Хотын дарга энэ газарт ямар ч хамааралгүй.
Бургас хядсан асуудал дээр бид тухайн үедээ газрыг ашиглах үүднээс БОАЖЯ-нд хандтал бургасны нөхөн төлбөр 11,163,420 төгрөгийг нэхэмжилсэн. Бид мөнгийг нь төлсөн. Дараагаар нь бид бургаснуудыг зөөвөрлөж, өөр газарт байршуулах үйл ажиллагаа явуулсан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүгч өөрийн биеэр газар дээр ирээд хэмжиж үзсэн. Үүнийх дагуу бид байгаль орчны нөхөн төлбөр 20 сая төгрөг төлсөн. 2017 оны хавраас эхлээд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг манай газар дээр ирээд нэлээн сүртэй зүйлс ярьж улс төржүүлж эхэлсэн. Өргөдлийн байнгын хороо хуралдах бүртээ манай компанийн талаар онцолж, худлаа зүйл ярьж, улс төржүүлдэг болсон. Цөөхөн хэдэн бургас ярьж улс төржүүлж байна. Зохих ёсных нь бүх дүрэм журмынх дагуу явж байгаа шүү дээ.
Сүүлийн үед хараад байхад Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатар овогтой Эрдэнэболд гэх залуу схем зураад, олон худал мэдээллүүд ярьж, бичээд байна. Тэр залууг судлаад байхад тийм ч ариухан амьтан биш бололтой. Зүгээр л энд тэнд очиж иймэрхүү маягаар шантааж хийж амьдардаг хүн юм билээ. Аав нь АН-ын гишүүн Ш.Сүхбаатар. Тэр хүн нь Б.Хурц генералын яриад байсан Хойд Солонгосчуудад гурван байлдааны онгоц задалж зарсан хүн юм билээ. С.Эрдэнэболд "бургасизм" гэх нэр томьёо гаргаад популизм хийж байна. Иймэрхүү маягтайгаар хий хоосон улс төр хийж байгаад туйлын их гомдолтой байна" гэлээ.