
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн дэнжид барьж буй 300 ортой төрөх эмнэлгийг энэ онд ашиглалтад оруулна гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Барилгыг “Томо бьюлдинг” компанийнхан барьж байгаа бөгөөд дотоод заслыг нь хийж эхэлсэн гэнэ. Долоон хэсгээс бүрдэх төрөх эмнэлгийн барилгын ажил өдгөө 80 хувьтай байна. Ашиглалтад оруулсных нь дараа тус эмнэлгийн 140 орыг амаржих, үлдсэнийг нь хүүхдийн тусламж, үйлчилгээнд ашиглах болжээ.
Ингэхдээ II төрөх буюу “Хүрээ” амаржих газрыг тус эмнэлэгт төвхнүүлэх шийдвэрийг ЭМЯ-наас гаргасан байна. Сонгинохайрхан дүүрэгт нөхөн үржихүйн насны 68 000 эмэгтэй амьдардаг. Хэдийгээр “Хүрээ” амаржих газар 120 ортой үйл ажиллагаа явуулдаг ч 30 хүрэхгүй ам метр талбай бүхий нэг тасагт эх, хүүхэд нийлсэн 12 хүн хэвтэн эмчлүүлдэг. Барилга нь 60 жилийн настай, ашиглалтын хугацаа нь дууссан тул албаныхан дээрх шийдвэрт хүрчээ.