
УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан юм. Гэвч иргэн Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж байжээ. Харин Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргаж байж.
Тэгвэл "УБТЗ" ХНН-ээс иргэн Л.Пүрэвбаатарын эзэмшиж буй нэг тэрбум 484 сая төгрөгийн үнэ бүхий хаусын талаар мэдээлэл хийж байна.
Шууд бичлэгийг Өнөөдөр сонины цахим хуудсаар хүлээн авч үзнэ үү.
УБТЗ ХНН: Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Цогтбаатар гэгч эрх зүйн чадамжгүй этгээд өөрийн төлөөлөх эрхгүй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг төлөөлж Л.Пүрэвбаатартай 2014 оны 12 сард контрактын гэрээ байгуулан уг гэрээгээр төмөр замын хөрөнгөөр Л.Пүрэвбаатарт хувьд нь хаус авч өгөх үүрэг хүлээсэн. Энэ хууль бус гэрээг үндэслэн Л.Пүрэвбаатар төмөр замын даргаар томилогдоод 20 хүрэхгүй хоногийн дотор өөрөө хувийн барилгын компанитай ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан, төмөр замаас 1.5 тэрбум орчим төгрөгийг нэг доор шилжүүлэн, өөртөө хаус авсан. Үүнийг хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид буюу УБТЗ-д шүүхийн шийдвэрийн дагуу хүлээлгэн өгөх, үүнийг албадан гүйцэтгэх тухай Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан. Энэ мэтээр нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс түдгэлзэх, хойшлуулах, биелүүлэхгүй байх хуулийн үндэслэлгүй байхад өнөөдрийг хүртэл шийдвэрийг хуульд заасан шаардлагын хэмжээнд биелүүлэхгүй байгаагаас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 16 000 ажилчдын эрх ашиг хохирч байна.
1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг Л.Пүрэвбаатарын хууль бус өмчлөлөөс чөлөөлөн, зах зээлийн үнээр борлуулан, Улаанбаатар төмөр замын орон байрны нөхцөл муу алба хаагчдын орон сууцны хөнгөлөлт, урьдчилгаа болгон өгөхөөр манай УЗ шийлдвэрлэсэн. Энэ тохиолдолд 400 орчим өрхийн нийгмийн асуудлыг шийднэ.
Өнөөдрийг хүртэл хууль, шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа тул бид ҮАБЗ-д гомдол гаргахаар болсон" гэв.
Харин уг хэвлэлийн хурлын үеэр УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрийн дотоод маргаан буюу хоёр талаас нууцалсан баримт бичиг юм. Энэхүү гэрээ хэлцэл нь олон улсын шинж чанартай, монголын шүүхээр шийдэх маргаан биш юм. Өөрөөр хэлбэл, Б.Цогтгэрэл, түүний найз Ж.Пунцаг болон Замын дарга Д.Жигжиднямаа нар хоёр улсын эрх бүхий албан тушаалтан хооронд зурж, Ерөнхий хороогоор батлагдсан гэрээний дундуур гуравдагч этгээд болж оролцсон жүжиг юм.
Миний бие 2016 онд ажлаа хүлээлгэж өгөхдөө 111 тэрбум төгрөг хүлээлгэж өгсөн. Гэрээний дагуу 1 хувийн мөнгөн шагнал тооцсон бол 1.1 тэрбум төгрөгийг бэлнээр авдаг. Харин УБТЗ ХНН-ийн дарга нар мөнгөн шагнал бус орон сууцаа хувьдаа урамшуулал болгон авч ирсэн уламжлалтай. Тийм учраас хууль зөрчсөн зүйл байхгүй" гэв.