Өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлээрээ нийлж хүний наймаа хийдэг байсан П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан билээ.
Дээрх гэмт этгээдүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхт хандсан байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, ялыг хэвээр үлдээжээ.
Тухайн дөрвөн этгээд нь өнгөрсөн онд 13-38 насны охид, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн, цагдан хорьж, зорчих эрхийг нь хязгаарлаж, зодож, байнгын сэтгэлзүйн болоод бие махбодийн дарамтад байлган биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаж байсан аж. Мөн эмэгтэйчүүдийг худалдан борлуулахад техник хэрэгслээр хангагдсан, зохион байгуулалттайгаар гэмт хэргээ үйлддэг байсан нь шүүхээр тогтоогдсон юм.