Өнөөдөр АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан тушаалаас нь огцруулахаар "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл", "Эрс шинэчлэл хөдөлгөөн", "Босоо хөх монгол" болон бусад иргэний нийгмийн төлөөллийн байгууллагууд эсэргүүцэл илэрхийлэн АТГ-ын үүдэнд жагслаа.
"Хохирогчдын холбоо" ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг "Монгол Улсын язгуур эрх ашиг, оршин тогтнохуйн гол үндэс болсон тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа явуулсан, МАНАН бүлэглэлийн сүүлчийн цайз болсон Х.Энхжаргалыг огцруулах тухай шаардах бичгийг бид өмнө нь өгсөн. Хариуд нь "Би хугацаанаасаа өмнө огцрохгүй. Би хууль журмын дагуу ажлаа хийж байгаа хуулиар хамгаалагдсан албан тушаалтан. Харин та нар хууль бус шаардлага тавьж байна. Үүнд чинь зохих эрүүгийн болон зөрчлийн тухай хууль байгаа шүү" гэсэн утга бүхий хариу өгч, Монголын ард түмний төлөөлөл болсон биднийг сүрдүүлсэн.
Х.Энхжаргал олон түмний хүлээлттэй хуулиудыг маш их зөрчиж, монголын ард түмний эсрэг үйлдэл хийсэн нь тодорхой болсон. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээний асуудлуудыг булзайруулж, авлигачдыг АТГ-т шалгах өөрийн үүрэгт ажлаа хийхгүй байна. Бид өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт албан тоот өгөх гэж байна. Шаардлагын гол утга нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд төрийн албан хаагчдын тангарагаасаа няцсан, ёс зүйн алдаа гаргасан, мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд болон Монголын ард түмний язгуур эрх ашгийг илтэд зөрчсөн албан тушаалтныг хугацаанаас нь өмнө чөлөөлж байх хуулийн төслийг санаачлан нэн яаралтай УИХ-д өргөн барих тухай юм" гэлээ.
"Нэгдсэн Монгол" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр "Иргэний нийгмийн байгууллагууд өмнө нь олон удаа Х.Энхжаргалыг огцор гэж шаардсан. Өнөөдөр "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-тэй 100 гаруй ТББ-ууд санал нэгдэж, 100 асуудлын шаардлага тавьж байна. Тэр дотор ЖДҮ-ийн асуудал давхар тавигдаж байгаа. Шаардлагын хариуг өгөхгүй бол хуулийн дагуу тэмцлийн дараагийн шатанд шилжинэ" гэлээ.
Жагсаалын үеэр АТГ-аас нэг ажилтан гарч ирж жагсагчидтай уулзахдаа "Х.Энхжаргал дарга ажил дээрээ ирээгүй байна" гэх тайлбарыг хийлээ. Тус ажилтан тайлбараа хийсний дараагаар хашаа руу буцаж орох гэтэл жагсагчид АТГ-ын хашаа руу хүч түрэн нэвтэрлээ. Улмаар цагдаа болон төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид иргэдийг холдуулан хаалгыг хааж жагсагчдыг хашаанаас гаргав.
Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргыг огцруулах таван үндэслэл байдаг. Тухайлбал, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх, эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон, гэмт хэрэгт холбогдсон нь гурван шатны шүүхээр тогтоогдсон зэрэг цөөн хэдэн үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах үндэслэлтэй байна.