Манай улсад үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан хүний тоо буурахгүй байгааг хэдхэн хоногийн өмнө Төв цэвэрлэх байгууламжид гарсан хэрэг, мөн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайн нурангид даруулж гурван хүн амиа алдсан харамсалтай үйл явдал гэрчилнэ.
Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) өнгөрсөн жилээс “Ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хэмжээний хөдөлгөөнд нэгдэхийг Монголын нийт ажил олгогчдод уриалсан юм. Үүний хүрээнд энэ жил Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг ажлын байр бүрт нэвтрүүлэхээр зорьжээ. Энэ талаар танилцуулахаар уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Уг арга хэмжээнд МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо болон ажил олгогч компаниудын төлөөлөл оролцсон юм.
МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Манай улс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг 2008 онд баталсан. Мөн эл чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулж, дөрөв дөрвөн жилээр хэрэгжүүлж буй. Зөвхөн энэ чиглэлээр 20 гаруй жил үйл ажиллагаа зохион байгуулаад байхад осол, эндэгдэл буурахгүй байгаа нь удирдлагын тогтолцоог стандартын дагуу мөрдөхгүй байгаатай холбоотой” гэлээ.
Мөн МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа “Олон улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослыг тэглэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах чиглэлээр олон ажил зохион байгуулж байна. Ослыг бууруулахын тулд хүмүүсийн хандлагыг өөрчлөх ёстой гэж эрдэмтэн судлаачид зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, ажилчдын төлөвшил, ажил олгогчийн манлайлал чухал. Тиймээс уг уулзалт, зөвлөгөөнөөр “Ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хэмжээний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж буй” гэсэн юм.
Энэ сургуульд Хабэа-н чиглэлээр бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэж эхлээд 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Сургалт, зөвлөгөөний үеэр Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хүсэлтээр Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуультай мэргэжлийн ХАБЭА-н мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.