
Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 123 дахь өдөр бөгөөд он дуусахад 242 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 29, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2646.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 392.60, вон 2.29 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагаас "Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулган" Төрийн ордонд болно.
- “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн, яармаг 12.00 цагт “Мишээл экспо” төвд нээлтээ хийнэ.
- Газрын харилцааны ажилтны өдөрт зориулан 2014 оноос үндэсний хэмжээнд зохион байгуулах болсон "Газрын харилцаа 2019" эрдэм шинжилгээний бага хурал Газар зүй-геоэкологийн хүрээлэнд 09.00 цагаас эхлэнэ.
- 10.30 цагт Хүүхэд Гэр Бүл Залуучуудын хөгжлийн газарт ММСУХ, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын хамтарсан хэвлэлийн хурал болно.
- 11.00 цагаас "Үндэсний мэдээллийн төв"-д Охидын түүх ТББ, "Босоо Хөх Монгол" НҮТББ хамтран "Охидын хүчирхийлэлд цэг тавъя" сэдвээр хэвлэлийн хурал зарлалаа.
- АМГТГ-ын 1 дүгээр байранд 10.00 цагаас АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.
- 2016 онд Канад улсын Альберта мужийн Форт МакМарри хотод их хэмжээний түймэр дэгдэж 88 мянган хүн орох оронгүй болжээ. Гамшгийн улмаас ойролцоогоор 2 400 барилга, байгууламж сүйдсэн байна.
- 2007 онд Португалийн Парайа да Луз хотоос дөрвөн настай британи охин Мадлейн МакКанн алга болов. Түүнийг хайх ажиллагаа олныг хамарсан ч одоог хүртэл олдоогүй байна. Түүнийг 2010 онд сураггүй бологсдын жагсаалтад оруулжээ.
- 2001 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд АНУ суудлаа алдав. Энэ нь тус зөвлөл байгуулагдсан 1947 оноос хйш анхны тохиолдол болсон юм.
- 1978 онд АНУ-ын Калифорни мужид төвтэй "Digital Equipment" корпораци дэлхийд анх удаагаа цахим шууданг зүүн эргээс баруун эргийн хооронд илгээв.
- 1973 онд АНУ-ын Чикаго хотноо сүндэрлэсэн 108 давхар "Сийрс" цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга болжээ.
- 1960 онд Нидерландын нийслэл Амстердам хотод Анна Франкын гэр музей байгуулагдав.