
ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн туслалцаагаар Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын аж байдлын судалгаа хийснээ танилцууллаа. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал хувийнх нь өрхийн сарын орлого улсын дундаж хэмжээ болох 1.2 сая төгрөгт хүрдэггүй аж. Сэтгүүлчдийн сарын дундаж цалин 664 мянган төгрөг байгаа нь улсын нийт ажилчдын дунджаас 245 мянган төгрөгөөр бага үзүүлэлт юм. Харин сэтгүүлчдийн ажилладаг цаг нь бусад мэргэжлийнхнээс 12 цагаар илүү байгаа юм.
Тодруулбал хөдөлмөрийн тухай хуульд долоо хоногт 40 цаг ажиллана хэмээн заасан байдагч хэвлэл мэдээллийн ажилчид 52 цаг ажилладаг гэсэн судалгаа гарсан байна. Мөн тус салбарт ажиллагсдын талаас илүү хувь нь бүх нийтээр амрах өдрөөр ажиллаж, амралтаа нөхөж, биеэр эдэлж чаддаггүй.
Энэ мэт цалин хөлс, ажил, амралтын цаг зэрэг тэгш бус байдлаас харахад хөдөлмөрлөх эрхээ хамгаалах шаардлага тулгарч буй бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах цаг болсон гэж дүгнэжээ. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид эрх ашгаа хамгаалснаар тогтсон цалинтай, тогтвор суурьшилтай ажиллаж, тус салбарт цэвэр өрсөлдөөн бий болон, цаашид хөгжихөд нь нэг алхам түлхэц болно гэдгийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сануулан, уриалж буй юм байна.