
Дэлхийн бизнесийн ертөнцөд тэргүүлэгч “Forbes” сэтгүүл Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэж эхэлсний долоон жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойн хүрээнд Монгол Улсын бизнесийн ертөнцөд тэргүүлж, амжилтаа бататгаж буй болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдгүүдийг шалгаруулах зорилгоор “Forbes Mongolia” сэтгүүл 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр 19.00 цагт “Forbes Mongolia Awards 2019” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг “Shangri-La Ulaanbaatar” зочид буудалд зохион байгуулахаар зэхэж байна.
2017 онд 100 дахь жилийнхээ ойг тэмдэглэсэн “Forbes” сэтгүүл өдгөө дэлхийн 70 улсад 26 хэлээр хэвлэгддэгийн нэг нь Монгол Улс юм. MMCG судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монголын сэтгүүлийн зах зээлд хүртээмжээрээ “Forbes Mongolia” сэтгүүл нэгдүгээрт бичигдэж буй юм. “Forbes Mongolia” сэтгүүл хамгийн нөлөө бүхий хүмүүст хүрдгээрээ бизнес өрсөлдөөний олонлогт тэргүүлдэг. Тухайлбал, дээд болон дунд түвшний удирдлагууд, бизнес эрхлэгчид, мэдээллийн технологийн болон бизнесийн шийдвэр гаргагчид, милленниал залуус энэхүү сэтгүүлийн уншигчдын бүтцэд давамгайлдаг юм. “Монголынхоо компаниудыг дэлхий дахинд гаргах гарц болдог нь энэ сэтгүүлийн онцлог” хэмээн тус сэтгүүлийн Монгол дахь гүйцэтгэх захирал Э.Долгион онцолж байна. Тус сэтгүүлийн хувьд Монголын бизнесийн салбарын мэдээллийг дэлхийд гаргахад түлхүү анхааран ажилладаг юм.
“Forbes Mongolia” сэтгүүл зах зээл дэх байр суурийг эрэмбэлэх, жагсаалт гаргах, эрэмбийг, чансааг тогтоодгоороо хэвлэл мэдээллийн бусад байгууллага, өрсөлдөгчдөөсөө ялгардаг. Тухайлбал, тус сэтгүүл 2016 онд Монголын шилдэг 20 групп компанийг тэдгээрийн зах зээлд эзлэх байр суурь, нийт активын хэмжээ, чанар, үйл ажиллагааны цар хүрээ, бизнесээ солонгоруулсан байдал зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан шалгаруулсан юм. Түүнээс гадна Улаанбаатар хотын шилдэг зоогийн газрууд, Даатгалын шилдэг компаниуд, Барилгын шилдэг компаниуд, Эрүүл мэндийн шилдэг компаниуд, Шилдэг зочид буудлууд зэрэг жагсаалтыг өнгөрсөн хугацаанд сар бүрийн дугаартаа тогтмол шалгаруулан гаргаж байсан юм. Цаашид ч бизнесийн салбар бүрт жагсаалт гарган эрэмбэлэхээр ажиллаж буй.
Ийнхүү “Forbes Mongolia” сэтгүүлийн 7 жилийн ойг тохиолдуулан Монголын эдийн засгийн салбаруудад тэргүүлэгч компани, бизнес эрхлэгчдийг шалгаруулах, шинээр гарч ирж буй хүчтэй тоглогчдыг таниулах, тэдгээрийн амжилт, ажил хэргийг нийтэд харуулах зорилгоор “Forbes Mongolia Awards 2019” арга хэмжээг зохион байгуулж байна.