
"Хүүхдийн хүчирхийлэлд цэг тавья" уриан дор "Охидын түүх" ТББ, "Босоо хөх Монгол" ТББ, "Хохирогчдын холбоо" ТББ хамтран мэдээлэл хийлээ.
"Охидын түүх" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан: Сүүлийн үед Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн гэмт хэрэг хэрээс хэтэрлээ. Хүүхдүүд ирээдүйнхээ төлөө юунд итгэж найдхаа мэдэхгүй байна. Олон эцэг, эхчүүд айдас түгшүүртэй боллоо. Заримдаа эцэг эхчүүд "охин хүүхдээ хаана нуух вэ" гэж ярьж байна.
Иймд манай хүүхэд, охидын төлөө ажилладаг "Охидын түүх" ТББ-аас дараах гурван зүйлийг эрх баригчдад уриалж байна.
- Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, ялыг чангатгах,
- Хохирогчдын сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг шүүхээс тогтоодог болох,
- Урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлын түлхүү хийх хэрэгтэй.
Та бүхэн санаж байгаа бол энэ оны нэгдүгээр сард бид Ч.Чамин-Эрдэнэ охины хэргийн талаар ар гэрийнхэнтэй нь хамтран өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байсан. Монголчууд нэг охины амь нас хохироход хэсэгтээ сенсацилиад мартдаг. Бид ч бас дахин хэвлэлийн хурал хийгээд, хэсэгтээ л шуугина. Иймд хурдан үр дүнд хүрэхийн тулд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй" гэлээ.
Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн ТББ-уудын төлөөлөл нар цаазаар авах хуулийг нэн яаралтай шийдвэрлүүлэхийг эрх баригчдаас хүслээ. Мөн хүүхэд хүчирхийлсэн, эх орноосоо урвасан этгээдүүдийг цаазаар авдаг байхыг уриаллаа.