
Өнөөдөр гадаа 17 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 07-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 127 дахь өдөр бөгөөд он дуусахад 238 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 3, есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2645.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 390.00, вон 2.28 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас нууц тогтоолоор 1000 гаруй шонхор хил давуулж Монгол Улс 20 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон асуудлаар Монголын мэргэжлийн анчдын холбооноос мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Зууны мэдээ сонины төвд Төрийн эрх бүхий байгууллага хувийн компанийн газрыг булаадаг аргыг баримттай дэлгэнэ. Хорооныхоо газарзүйн байрлалыг өөрчлөх нэрийдлэээр ийм арга хэрэглэдэг гэдгийг Богд асар компаниас мэдээлнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас МАХН-ын удирдлагууд нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- "ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ” үндэсний форум “Блью Скай” зочид буудлын “Даймонд” танхимд 09.00 цагаас эхэлнэ.
- “Кемпински” зочид буудлын их танхимд 09.00-14.30 цагийн хооронд "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ" хэлэлцүүлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2007 онд Израйлийн археологчид Йерсусалем хотын өмнөд хэсгээр Аугаа Герод хааны бунханг илрүүлжээ.
- 2004 онд Америкийн бизнесмен Ник Берг Исламын дайчдын гарт амиа алдав. Түүнийг цаазалж буй бичлэгийг интернет орчинд цацсан нь олныг сэртхийлгэсэн юм.
- 2003 онд дэлхийн оршин суугчдад одон орны ховорхон үзэгдлийг харах боломж тохиов. Буд гараг Нар, Дэлхий хоёрын хоорондуур ороод өнгөрчээ.
- 2002 онд Умард Хятадын агаарын тээврийн "МД-82" хөлөг Шар тэнгист осолдож, хөлгийн багийн 112 хүн бүгд амиа алдав.
- 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин албан ёсоор тангараг өргөжээ.
- 1998 онд автомашины алдарт Мерседес-Бенз компани Крайслер компанийг 40 сая ам.доллараар худалдан авав. Автомашины салбар дахь хамгийн том хэлцэл энэ болсон билээ.
- 1997 онд “Intel” компани микропроцессор Pentium II-ыг албан ёсоор танилцууллаа.